ЗАВХАН: Оюутнууд буган чулуун хөшөөдийн тухай мэдлэгээ баяжуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-11-18 14:47:02

Улиастай, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Орон нутаг судлах музейгээс соёлын бүтээлч сарын хүрээнд буган чулуун хөшөөг таниулах сургалт зохион байгуулжээ.


Сургалтад МУИС-ийн Завхан аймаг дахь Бизнес, мэдээллийн технологийн сургуулийн оюутнууд оролцож, буган чулуун хөшөөний талаарх сонирхолтой мэдээлэл, баримтын тухай мэдэж, буган чулуун хөшөөний онцлог түүхийг харуулсан бүтээлүүд урлажээ.  


Энэ үеэр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд Монгол улсын нутаг дэвсгэр дэх буган чулуун хөшөөг бүртгэсэн талаарх мэдээлэл болон гарал үүсэл, ангилал, он цагийн талаарх мэдээллийг аймгийн Музейн боловсролын ажилтан П.Сувд, тайлбарлагч О.Оюунцэцэг нар өглөө. Энэхүү сургалт хөтөлбөр нь хүүхэд залуучуудад түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой юм.


Эртний нүүдэлчид, бидний өвөг дээдэс ямар соёл уламжлалтай байсан талаарх сонирхолтой судалгаа, түүхийг таниулах сургалт хөтөлбөрийн оролцогчид идэвхтэй оролцож, өөр баримтуудыг биднээс асууж байсан нь сайшаалтай юм. 


Түүнчлэн буган чулуун хөшөөний талаарх сонирхолтой судалгааг сонссоныхоо дараа оролцогчид буган чулуун хөшөөний загварыг өөрсдийн ойлгож мэдсэнээр урлан бүтээжээ. 


Цаашид энэхүү боловсролын хөтөлбөр, сургалтыг их дээд сургууль ерөнхий боловсролын сургуулиудад тогтмол хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөж байна гэж Завхан аймгийн Музейн тайлбарлагч О.Оюунцэцэг мэдээлэв.


Завхан аймаг нь буган чулуун хөшөөгөөрөө алдартай. Энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар 12 дурсгалыг “Улсын хамгаалалтын зэрэглэлд байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д нэмсэн байна. Уг жагсаалтад 197 дурсгал бүртгэлтэй байдаг. Үүний нэг нь Завхан аймгийн Цагаанчулуут сумын Хяларын өвөлжөөний хадны зураг юм.


Өнөөгийн байдлаар Завхан аймгийн хамгаалалтад 22 дурсгал байна. Харин улсын хамгаалалтын зэрэглэлд байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад Цагаанчулуут сумын Хяларын өвөлжөөний хадны зургийг бүртгэснээр тус аймаг улсын хамгаалалтын зэрэглэлтэй 7 дурсгалтай болсон юм.


Тодруулбал, Богдын голын Мөнгөт хясаа нэртэй газарт орших дөрвөн хүний зураг бүхий чулуун хөшөө, Баянтэс сумын хөх хошууны Боомын булшнууд, Цэцэн-Уул сумын Янживын шилд орших хүн чулуун хөшөөнүүд, Шилүүстэй сумын Дааган дэл хэмээх газарт орших 8 ширхэг буган чулуун хөшөө, Яруу сумын Яруугийн голын эрэгт орших хүн чулуун хөшөөнүүд мөн сумын нутагт орших Хөшөөтийн амны хүн чулуун хөшөө, Цагаанчулуут сумын Хяларын өвөлжөөний хадны зураг гэсэн 7 дурсгал улсын хамгаалалтад бүртгэгдсэн байна.


Ер нь дурсгалуудыг улсын болон аймаг, нийслэлийн хамгаалалтад авснаар тухайн дурсгалын эх төрх, бүрэн бүтэн байдлыг хадгалж хамгаалах ажлыг төлөвлөж хэрэгжүүлэх. Тухайн дурсгалын үнэ цэн, ач холбогдлыг нэмэгдүүлэх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын Соёл урлагийн хэлтсийн дарга Э.Пагмаа нэмж дуулгав.

Шилүүстэй сумын Дааган дэл хэмээх газарт орших 8 ширхэг буган чулуун хөшөө


Оюутнууд хөтөлбөрийн үеэр буган чулуун хөшөө урлажээ


Хөтөлбөрийн үеэр урласан хөшөө дурсгалуудынхаа талаар оролцогч бүр мэдсэн сурсанаа тайлбарлажээ
相关新闻