ДАРХАН-УУЛ: Аймгийн ИТХ-ын хороодыг шинэчлэн байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2024 оны арваннэгдүгээр сарын 18
/МОНЦАМЭ/. Аймгийн
ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит бус хоёрдугаар хуралдаан баасан
гарагт 09.00-00.00 цагийн хооронд үргэлжиллээ. Тус хурлаар хэлэлцсэн асуудлын
нэг нь “Хороодыг
шинэчлэн байгуулж, үйл ажиллагааны журам шинэчлэн батлах тухай” байв.
Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор хороодыг шинэчлэн байгуулж баталлаа.
Үүнд Нутгийн удирдлагын хөгжлийн хороо, Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо, Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо, Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороо, Хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хороо, Ёс зүйн хороо гэсэн 6 хороог шинэчлэн байгуулж, ажиллах журмыг нь баталлаа. Хороодод ажиллах төлөөлөгчид дотоод хурал зохион байгуулан даргаа сонгож, ИТХ-ын даргад уламжилсан.
Аймгийн ИТХ-ын хөгжлийн хороод нь ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах, хурлын тогтоол шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэгтэй ажиллах юм.
Мөн хуралдаанаар хэлэлцсэн анхаарал татсан асуудлын нэг нь "Дархан-Ус суваг" ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийг сонгох байлаа. Олонх болсон МАН-ын бүлгээс төлөөлөн удирдах зөвлөлд нэр дэвшүүлсэн хараат бус байдлаар ажиллах гурван хүн ашиг, сонирхлын зөрчилтэй байж болзошгүй, ил тод нээлттэй сонгон шалгаруулалт хийгээгүй гэдэг шүүмжлэлийг АН-ын бүлгээс өгч уг асуудлыг боловсруулалтын шатанд буцаалаа.



