ЗАВХАН: 11 настай 1300 гаруй хүүхэд дархлаажуулалтад хамрагдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН![](/files/673b095ba3748.jpeg)
Улиастай, 2024 оны арваннэгдүгээр
сарын 18 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн нийт 1390 хүүхдийг хүний папиллома вирусний халдварын эсрэг
вакцинаар дархлаажуулна.
Завхан аймаг дархлаажуулалтыг 11 дүгээр сарын 25-наас эхлүүлэхээр бэлтгэл бэлэн байдлаа хангаж байна. 2024 оноос эхлэн заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу 11 настай охид, хөвгүүдийг хүний папиллома вирусний халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулах юм.
Тиймээс эцэг эх, асран хамгаалагчдад вакцины талаарх
танилцуулга мэдээллийг өгч дархлаажуулна.
Өнгөрсөн 7 хоногт дархлаажуулалтын бэлтгэл ажлын хүрээнд аймгийн Эрүүл мэндийн
газар, НЭМТ, Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран хоёр өдрийн
сургалтыг Улиастайд зохион байгуулсан. Сургалтад сум, өрхийн эрүүл мэндийн
төвийн дарга, вакцинаторууд мөн 23 сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал,
сургуулийн эмч нийгмийн ажилтнууд хамрагдсан. Ерөнхийдөө мэргэжлийн
байгууллагууд, эмч сувилагч нарын бэлтгэл хангагдсан байна.
Манай улс 2023 онд Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, заавал хийх товлолт вакцинд хүний папиллома вирусний эсрэг тарилгыг багтаасан.
Тус хуулийн 10.1-т “Заавал хийх дархлаажуулалтад сүрьеэ, халдварт саа, В вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусний халдвар, гахайн хавдар, улаануудын эсрэг сэргийлэх тарилга орно” гэж заасан.
2024 оноос эхлэн 11 настай охид, хөвгүүдийг папиллома
вирусний халдварын эсрэг вакцинаар товлолын дагуу үнэ төлбөргүй
дархлаажуулахаар болсон.
Хүний папиллома вирус (ХПВ) нь маш жижиг
ДНХ агуулсан вирус хэмээн судлаачид, эмч мэргэжилтнүүд судалж тогтоожээ.
Тодруулбал, мэдэгдэж буй 200 гаруй хэв
шинжээс 6,11,16,18 нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэх. Бусад хорт хавдрыг бий
болгох хоруу чанар ихтэй тул энэхүү вирусийн халдварыг вакцинаар дархлаажуулна.
-Хүний папиллома вирусний эсрэг вакциныг ямар хүмүүст хийх
вэ?
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 472
дугаар тогтоолоор батлагдсан "Заавал хийх дархлаажуулалтын үндэсний
товлол"-ын дагуу урьдчилан сэргийлэх вакцинд 11 настай охид, хөвгүүдийг 1
тунгаар дархлаажуулна. Энэ нь 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс 2013 оны 12 дугаар сарын
31-ний хооронд төрсөн бүх хүүхэд хамрагдах юм.
-Яагаад 11 насны хүүхдүүдэд хийх вэ?
-Өсвөр насны хүүхдүүдийг бэлгийн харьцаанд орохоос өмнө вакцинд хамруулах нь хамгийн үр дүнтэй байдаг тухай судалгаанд үндэслэж, мөн 11 настай охид, хөвгүүдийг дархлаажуулахад үүсэх эсрэг биеийн түвшин түүнээс дээш насныхантай харьцуулахад өндөр байдаг тул 11 насыг сонгож дархлаажуулахаар үндэсний товлолд өөрчлөлт оруулсан байна гэж Завхан аймгийн ЭМГ-аас мэдээлэв.