ДОРНОГОВЬ: Иргэний андгай өргөх ёслолыг 22 дахь жилдээ зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2024 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойн өдөр 16 нас хүрч байгаа Сайншанд сумын төвийн таван сургуулийн 80 хүүхэд иргэний андгай өргөлөө.
Энэ үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор улс даяар 22 дахь жилдээ зохион байгууллаа. Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолд Дорноговь аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Мөнхбат, аймгийн Хүүхэд, Гэр бүл, Хөгжил хамгааллын газрын дарга Ш.Алимаа нар оролцож хүүхдүүдэд Монгол Улсын иргэний үнэмлэхийг гардуулжээ.
Мөн оролцогч хүүхдүүдэд “Хөгжлийн чиг хандлага ба залуучуудын оролцоо”, “Үнэт зүйл” сэдвээр аймгийн ИТХ-ын төлөөлөгч Э.Пүрэв, илтгэгч Д.Мөнх-Эрдэнэ нар мэдээлэл хүргэснээс гадна өсвөр үеийнхэн залуучуудад эх орноо хайрлан хамгаалж түүх соёл, тусгаар тогтнолоо эрхэмлэн дээдэлж, санаачилгатай, хөдөлмөрч, бүтээлч иргэн байхыг уриалсан байна.