Германы туршлагаас суралцах боломжтойг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-11-28 12:13:40

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. "Газар тариалангийн салбарт экстейншний үйлчилгээ, технологи дамжуулалтыг сайжруулах шийдэл, тэргүүн туршлага" сэдэвт Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн хаалтын хурал болж, үр дүн, ололт амжилтыг дүгнэлээ.


ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Монголд атар газар эзэмшсэний 65 жилийн ой энэ жил тохиож байна. Үүнээс сүүлийн 12 жилд нь “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл түшиг болж, энэ салбарын эрх зүйн орчныг сайжруулах, институт, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмэр болсон. ​2021 онд баталсан Таримал ургамлын үр, сортын тухай хууль, 2022 онд баталсан Сорт сорих, сортын үндэсний бүртгэлд бүртгэх, бүртгэлээс хасах журам, 2024 онд баталсан Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн төслийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулахад тусалсан. Тариалангийн даатгалын тухай хуулийн төслийг мөн боловсруулж, хэлэлцүүлэхэд бэлэн боллоо. Газар тариалангийн салбар дахь манай хоёр орны хамтын ажиллагаа “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөр дамжин эрчимжсэнд баяртай байдаг. Төсөл энэ онд дуусаж байгаа ч хамтдаа бий болгосон бүхэн олон жил үр өгөөжөө өгнө гэж итгэж байна хэмээв.



Олон улсын төсөл хөтөлбөр, түншлэл хариуцсан 625 дугаар реферат Фрийдеманн Крафт Германы газар тариалангийн туршлагаас онцохдоо, “Жижиг талбайд хүнсний ногоо тариалагчдын хувьд зах зээлд эзлэх байр сууриа бэхжүүлэх, төрийн бодлогод нөлөөлөхийн тулд зохион байгуулалтад орж, эвлэлдэн нэгдэх шаардлагатай. Тариаланчдын холбоо бэхэжсэн тогтолцоотой Германаас суралцах боломж монголд бий. Мөн, сүүлийн жилүүдэд борлуулалтын асуудал тулгамдаж байгаа. Германы хөдөө аж ахуйн бодлого нь борлуулалтыг дэмжихдээ аль болох бүтээгдэхүүнийг орон нутагт нь борлуулахыг дэмжих стратеги баримталдаг. ХБНГУ-ын Холбооны хүнс, хөдөө аж ахуйн яам цаашид ч Монголын хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах сонирхолтой байна. Ялангуяа мэргэжилтнүүд туршлага солилцох, эрдэм шинжилгээний чиглэлээр мэдээллээ хуваалцах, төслийг шинээр хэрэгжүүлэхэд хамтарч ажиллах боломжтой” гэжээ.


“Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн дэд удирдагч доктор Б.Эрдэнэболор “Герман монголын хамтын ажиллагааны "Тогтвортой хөдөө аж ахуй төсөл газар тариалангийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах, институт, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ажилласан. Монгол орон уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн хүчтэй өртөж буй орнуудын нэг учир газар тариалангийн технологи цаашид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хөрсөө хамгаалахад чиглэх ёстой. Германы хөдөө аж ахуйн салбарын хууль тогтоомж маш сайн. Германаас мэргэжилтнүүд урьж, тус улсын мэргэжлийн байгууллагатай холбох, Монгол дахь ажлын хэсгийн уулзалтаар мэдээлэл, зөвлөгөө өгөх байдлаар хамтарч ажиллаж байгаа”-г тэмдэглэлээ.


Төслийг хаах үеэр Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төслийн зохицуулагч Алфред Катер, “GFA Consulting group” ХХК-ийн Төслийн менежер Симон Виттих нарыг Хүнс, хөдөө аж ахуйн яамны жуух бичгээр, “IAK Agrar Consulting ХХК”-ийн Төслийн менежер Г.Ганцэцэг, Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй Төслийн дэд зохицуулагч Б.Эрдэнэболор, “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн ажилтан Ч.Төгсбат нарыг ХХАА-н тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнасныг ХХААХҮЯ мэдээлэв.

 

相关新闻