ӨМНӨГОВЬ: Сургуулийн орчны аюулгүй байдалд анхаарч ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-12-10 10:08:40

Даланзадгад, 2024 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн ЕБС-дад “Ээлтэй сургууль” төслийг Боловсролын ерөнхий газар, НҮБ-ын хүн амын сантай хамтран хэрэгжүүлж байна.

 

Төслийн хүрээнд сургуулийн материаллаг болон сэтгэл зүйн орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сурагчдыг төгсөлтийн дараах амьдралд бэлдэх, үе тэнгийн сургагч багшийн ажлыг идэвхжүүлэх зорилготой сургалтыг Даланзадгад сумын 4 дүгээр сургууль, Цогтцэций сумын 1 дүгээр сургууль, Гурвантэс сумын сургуулиудад зохион байгуулжээ.

 

Сургалтад сургуулийн удирдлага, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, эмч, хоол зүйч, номын санч, багш нарын төлөөлөл 71 албан хаагч, сурагчдын өөрөө удирдах байгууллага, клубийн суралцагчдын төлөөлөл 38 сурагч нийт 109 хүн оролцжээ.

 

Тус сургалтаар “Ээлтэй сургуулийн орчин”, “Төгсөлтийн өмнөх хөтөлбөр”, “Үе тэнгийн боловсрол, "сургагч" гэсэн 3 дэд хөтөлбөрийн дагуу 9 агуулгаар сургалт, 7 төрлийн үнэлгээ, 5 багц дадлага ажил хийж, сургуулийн өөрийн үнэлгээнд үндэслэн хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргасан байна.

 

Сургуулийн удирдлага хүүхэд хамгааллын багш ажилтнууд, сурагчид гэсэн олон төлөөлөл оролцсон нь харилцан бие биеэсээ суралцах, асуудлыг олон талаас нь харж дүгнэлт хийх боломжийг бүрдүүлснээрээ онцлог байв.


Мөн сургуулийн удирдлага хүүхэд хамгааллын багийн гишүүд, багш, суралцагчдын төлөөлөл хамтран ээлтэй сургуулийн одоогийн нөхцөл байдлыг үнэлэн дүгнэж, цаашид сайжруулах асуудлаа ярилцан, гарц шийдлийг гарган хийх ажлын төлөвлөлтийг хийж, сургуулийн орчны аюулгүй байдал, нийгэм сэтгэл зүйн орчны тулгамдсан асуудал, төгсөлтийн өмнөх хөтөлбөр, эрүүл мэнд, эрх зүй, санхүү, үе тэнгийн боловсрол олгох хөтөлбөрийн тулгамдсан асуудлаа тодорхойлсон нь сургалтыг үр дүнтэй болгожээ.

相关新闻