Тамхин бүтээгдэхүүний татварын тухай мэдээлэл сонсож, үйл ажиллагааны удирдамжийг батлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. УИХ-ын захирамжаар байгуулсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, электрон тамхитай холбоотой санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж, тамхи, тамхин бүтээгдэхүүний татварын талаар Сангийн яам, Гаалийн төв лабораторийн мэдээллийг сонслоо.
Дэлхийн 132 улс одоогоор электрон тамхины хэрэглээг хуулиар зохицуулдаг, 32 улс хориглодог бол 48 улс онцгой албан татвар ногдуулдаг аж. Мөн улс орнууд электрон тамхинд шингэний хэмжээ, түүнд агуулагдсан никотин, бүтээгдэхүүний тоо хэмжээг харгалзан татвар ногдуулж, татварын хэмжээг тогтмол, холимог хэмжигдэхүүнээр тогтоодог байна.
Сангийн
яам электрон тамхи, түүний төхөөрөмж, сэлбэгүүдэд онцгой албан татвар
ногдуулах нь зүйтэй гэж үзэж байна.
Гаалийн төв
лаборатори тамхин бүтээгдэхүүний никотин, бохь, чийгийг тодорхойлохын зэрэгцээ
нүүрстөрөгчийн дутуу исэл (CO)-ийн хэмжээг тогтоож буй талаар тус лабораторийн дарга С.Цэрэнчимэд
танилцууллаа. Манай улсын утаат янжуурын импорт 2023 он хүртэл тогтмол өсөж
байгаад 2024 онд 14 хувиар багассан бол электрон тамхины импорт өнгөрсөн
оныхоос 2, түүний цэнэглэгч, сэлбэгийн импорт 5 дахин нэмэгджээ. Тамхи,
электрон тамхины төрөл зүйл өдөр ирэх бүр нэмэгдэж байгаа ч электрон тамхи, түүний
дагалдах хэрэгсэлд онцгой албан татвар ногдуулдаггүй, Тамхины хяналтын тухай
хуульд хамааруулдаггүй байна. Гаалийн байгууллага электрон тамхийг тамхины
төрөлд хамруулан, хуулийн зохицуулалтад оруулах, татвар ногдуулах, мөн зөвхөн
аж ахуйн нэгжүүд импортолдог байхаар журамлах шаардлагатай гэжээ.
Ажлын хэсгийг ахлагч, УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхин бүтээгдэхүүнд татвар ногдуулах олон
улсын нийтлэг томьёог тодорхойлж танилцуулахыг Сангийн яаманд даалгав. Ажлын хэсгийг гишүүн, УИХ-ын гишүүн Г.Дамдинням энэ
төрлийн бүтээгдэхүүнд татвар ногдуулахад шаардлагатай үндсэн хэмжигдэхүүнийг
тодорхойлох, уламжлалт буюу утаат тамхины татварын хэмжигдэхүүнүүдтэй
харьцуулсан судалгаа хийж танилцуулахыг хүсэв.
Ажлын
хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн
О.Номинчимэг ДЭМБ-тай хамтран ирэх оны эхээр зохион байгуулахаар санаачилсан
“Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой оролцогч талуудыг
оролцуулсан хэлэлцүүлэг”-ийн талаар мэдээлэл өглөө. Ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуульд
нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн мэдүүлэхээр нийцүүлэн, үйл ажиллагааны удирдамжийг
хэлэлцэн баталсныг УИХ-ын Хэвлэл
мэдээллийн газраас мэдээлжээ.