ДОРНОГОВЬ: Мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ![](/files/676bc7aa9c51e.jpeg)
Сайншанд, 2024 оны 12 дугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Засаг дарга О:Батжаргал захирамж гаргаж Сайншанд, Замын-Үүд сумын төв, олон улсын болон улсын чанартай хатуу хучилттай А0102, А0103 чиглэлийн авто замаар зорчих мотоциклийн хөдөлгөөнийг 2024 оны 12 дугаар сарын 23-наас 2025 оны хоёрдугаар сарын 20-ныг хүртэл хугацаанд хориглохоор шийдвэрлэв.
Замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангуулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, учирч болох хохирол эрсдэлийг бууруулах зорилгоор дээрх шийдвэрийг гаргажээ.
Аймгийн Статистикийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сард гаргасан мэдээллээс харахад хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 2023 оны 11 дүгээр сард 42 байсан бол энэ оны 11 дүгээр сард 112 болж нэмэгдсэн байна.