БАЯНХОНГОР: Энэ онд 2685 кг үнэт металл хайлж, гулдмайлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-12-27 15:17:03

Баянхонгор, 2024 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтсийн дэргэдэх Үнэт металлын сорьц тогтоох лаборатори энэ онд 2685 кг үнэт металл хайлж, 857 ширхэг алтан гулдмай хийж, сорьц тогтоогоод байна.


Баянхонгор аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх Баруун бүсийн Үнэт металлын сорьц тогтоох лаборатори нь 2018 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд иргэн, ААН-ийн олборлосон алтыг сорьцолж “Эх орны баялгийг эрдэнэсийн сандаа” тушаах боломжийг бүрдүүлдэг. Сорьцын лаборатори нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны “Алт-2” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Швейцарын хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөл болон Стандарт, хэмжил зүйн газрын харьяа Үнэт металлын сорьцын хяналтын газартай хамтран орон нутагт анх удаа хэрэгжүүлсэн ажил юм. Улсын хэмжээнд тус аймгаас гадна Дархан-Уул аймагт тус лаборатори ажилладаг.


Тус аймаг дахь Монголбанкны салбар 2018 онд 85 гулдмайгаар 79.6 кг алт худалдан авч байсан бол сүүлийн дөрвөн жил дараалан 1.1 тонноос дээш хэмжээтэй худалдан авалтыг хийж, 2018 оноос хойш нийт 6695.5 тонн алт худалдан авчээ.


Баянхонгор аймаг дахь Үнэт металлын сорьц тогтоох лаборатори

       2018 онд 87кг 81 ширхэг алтан гулдмай,

       2019 онд 651кг 452 ширхэг алтан гулдмай,

       2020 онд 1229кг 636 ширхэг алтан гулдмай,

       2021 онд 1267кг 599 ширхэг алтан гулдмай,

       2022 онд 1395кг 714 ширхэг алтан гулдмай,

       2023 онд 1742кг 776 ширхэг алтан гулдмай,

      2024 онд 2685 кг үнэт металл хайлж, 857 ширхэг алтан гулдмай хийж, сорьц тогтоосон бөгөөд тус тоон үзүүлэлтээр жил ирэх тусам Сорьцын лабораторийн үйл ажиллагаа идэвхжиж буйг харуулж байна.

相关新闻