ЗАВХАН: Цагаанхайрхан сум шинэ жилийн баяр тэмдэглэхгүйгээр ууланд алхах хөдөлгөөнийг эхлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-01-04 16:24:56

Улиастай, 2025 оны нэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Цагаанхайрхан сумын төрийн албан хаагчид "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөнийг дэмжиж уулын алхалтыг зохион байгуулдаг болжээ.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн нь монгол хүний дундаж наслалтыг уртасгах. Иргэдийн эрүүл мэндийг тэтгэх, бие бялдрыг нь анагаахын шинжлэх ухааны үндэслэлтэй чийрэгжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн нийтийн эрүүл мэндийн үйл ажиллагаа юм.


Тиймээс бид үндэсний хөдөлгөөнийг дэмжиж эрүүл байх зөв дадлыг олон нийтэд уриалж, аливаа баяр ёслолын үеэр нийтийн алхалтыг тогтмол зохион байгуулж эхэллээ. Бүх нийтийг нийтийн биеийн тамирт уриалж олон талын үйл ажиллагааг энэ жил үр дүнтэй зохион байгуулна.


Бид аймагтаа анх удаа сумынхаа нэгдсэн шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулахгүйгээр бүх нийтийн ууланд алхах өдөр болгож тэмдэглэн өнгөрүүлсэн.


Анхны бүх нийтийн уулын алхалтад уулын спортын мастер С.Болор-Эрдэнэ, Ө.Батманлай нарыг урьж оролцуулан уулын спортын ач холбогдол, өөрсдийн түүхэн амжилтуудыг нь танилцуулж иргэдэд мэдээлэл хүргэлээ. Учир нь алхах, ялангуяа өвлийн улиралд ууланд алхах нь эрүүл мэндэд тустай, эмгүй эмчилгээ болдог.

Анхны нийтийн алхалтын үеэр цасны сумо барилдах, олс таталт, уулын оргилд хамт олноороо гарах, тойрон бүжиг, байгууллага бүр мэндчилгээ дэвшүүлэх зэрэг уралдаант тэмцээнүүдийг зохион байгуулж амжилттай оролцсон иргэдийг урамшуулсан.

Мөн шинэ оны эхний өдөр бүх нийтийн алхалтыг зохион байгуулсан. Цаашид орон нутгийнхаа иргэдэд нийтийн биеийн тамирын ойлголт мэдлэгийг нь сайжруулах, эрүүл мэндээ дэмжсэн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байхыг уриалж байна гэж Цагаанхайрхан сумын ЗДТГ-аас мэдээлэв.


Ташрамд, Завхан аймгийн Биеийн тамир спортын газраас "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд өвлийн уулын алхалтын хуваарийг гаргаж олон нийтэд хүргэсэн байна. 


Бүх нийтийн уулын алхалтад аймгийн төв, Улиастай сумын төрийн 60 байгууллага энэ сарын 7-ны өдрөөс 3-р сарын 15 хүртэл хамт олноороо ууланд алхах юм.

Байгууллага бүр хуваарийн дагуу 7 хоног бүрийн бямба гаргийг уулын алхалтын өдөр болгож, хамт олноороо ууланд алхах дадлыг бий болгоно. Бүх нийтийн алхалтыг аймгийн төвийн зүүн урд зүгт төв цэгээс 4 км-т орших Товцог хайрхан, Бурхант цохио чиглэлд хийх юм.

Уулын алхалтын үеэр олон төрлийн хөгжөөнт тэмцээнийг зохиожээ

 

相关新闻