ДАРХАН-УУЛ: Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод 6.9 сая долларын санхүүжилттэй төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-01-08 21:35:06

Дархан, 2025 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотод уур амьсгалын сөрөг нөлөөллийг бууруулах "Тогтвортой, тэсвэртэй, ногоон хот" төслийг хэрэгжүүлнэ. НҮБ-аас дэлхийн 20 гаруй оронд хэрэгжих уг төсөл судалгааны түвшинд явж байгаа бөгөөд урьдчилсан хэлэлцүүлэг, орчны судалгаа, хүрэх үр дүнгийн талаарх уулзалт боллоо.




2026 оноос эхлэн таван жилийн хугацаанд хэрэгжиж эхлэх уг төсөл нийтдээ 11 салбар үзүүлэлт багтсан байна. Салбар үзүүлэлтээс Дархан хот ногоон байгууламж нэмэгдүүлэх, хог хаягдлын менежментийг шийдвэрлэж чадах, хөгжлийг хурдасгах хүн ам, газар нутгийн таатай нөхцөл бүрдсэн учраас төсөл хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн байна.


Дээрх гурван хотод хэрэгжих уг төсөл нийт 6.9 сая ам долларын санхжүүжилттэй бөгөөд одоогоор хот тус бүрд олгох санхүүжилтийн хэмжээг тогтоогоогүй байна.




Аль хот илүү санаачилгатай ажиллаж судалгаагаа гаргаж түрүүлж алхана тухайн хот төслийн санхүүжилтээс тэр хэмжээгээрээ авч чадна гэж Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа мэдэгдлээ.




Төсөл хэрэгжиж дуусахад шууд болон шууд бус хэлбэрээр 60 орчим мянган хүн үр дүн хүртсэн, 8 сая тонн хүлэмжийн хий бууруулсан, 300 мянган га газарт ногоон байгууламж бий болгох зорилгоор ойжуулалт, нөхөн сэргээлт хийсэн байх шаардлагатай гэж НҮБ-ын Тогтвортой, тэсвэртэй, ногоон хот төслийн Хотын хог хаягдал асуудал хариуцсан зөвлөх Б.Эрдэнээ онцолж байна.




Дархан сумын хэмжээнд тулгамдаж буй асуудлыг эрэмбэлэн гаргахад ундны усны хүртээмж, чанар, ногоон байгууламж түүний арчлалт хамгаалалт, хог хаягдлын ангилан ялгалт, саарал усыг ашиглах, хөрсний бохирдол, хүнсний аюулгүй байдал зэрэг саналыг гарсныг төслийн багийнханд танилцуулсан байна.

 

 

相关新闻