ДАРХАН-УУЛ: Од сургууль Хүүхдийн хөгжил, хамгаалал, сургалтын танхимтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид тулгамдсан асуудлаа нээлттэй ярилцах, сургалтад хамрагдах хөгжих боломжийг нээж Од сургуулийн хичээлийн Б байранд “Хүүхэд хөгжил хамгаалал, сургалтын танхим”-ыг тохижуулж хүлээлгэн өглөө.
Тус танхимыг Дархан сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын материаллаг баазыг сайжруулах зорилтын хүрээнд хийсэн байна.
Хөгжил хамгааллын танхимаар дамжуулан сурагчид сэтгэл зүйчтэй ярилцах боломжтой юм. Зөвлөгөө авч буй хүүхэд, сэтгэл зүйчийн хооронд итгэлцэл бий болгох, халуун дотно яриа өрнүүлэх, асуудлыг оношлох, сэтгэл засал хийх нөхцөл бүрдүүлсэн дуу чимээ нэвтэрдэггүй хана, зориулалтын ширээ, сандал, буйдан зэргээр тохижуулжээ.
Сургууль бүрд сэтгэл зүйч ажиллах зайлшгүй шаардлага байгааг сургуулийн орчинд гарч буй зөрчил, үе тэнгийн дээрэлхэлт, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын судалгаа, өсвөр насны сурагчдын гэмт хэрэгт холбогдох тохиолдол буурахгүй байгаа зэргээс илтгэж байна.
Танхимаар дамжуулж сэтгэл зүйн зөвлөгөө өгч тулгамдсан асуудлыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, ярилцахаас гадна сэтгэл зүйн тусламж шаардлагатай сурагчдад мэргэжлийн зөвлөгөө өгөх, сургалт, таниулгын ажил хийх юм. Ингэснээр зөвхөн сурагчдад бус багш, эцэг эхчүүдэд зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө, хүүхэдтэй хэрхэн зөв харьцах, харилцаа хандлагын чиглэлээр сургалт, зөвлөгөө зохион байгуулж эерэг нөлөөллийг бий болгох чиглэлээр ашиглана гэж сургуулийн захиргаа онцолж байна.
2023 онд Од сургуулийн хичээлийн А байранд сэтгэл зүйн танхимын тохижилтын төслийг хэрэгжүүлсэн. Уг өрөөтэй болсноор хүүхдийн эрхийн зөрчлийг илрүүлэх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, сурагчдын сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг илрүүлэх, тусламж үйлчилгээ үзүүлснээр тодорхой үр дүн үзүүлжээ.