ДОРНОГОВЬ: Мянган тэмээтэй малчин

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-01-27 16:23:31

Сайншанд, 2025 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Мандах сумын Сэрвэн баянхошуу багийн малчин Нямсүрэнгийн Баясгалан 1008 тэмээтэй.


Н.Баясгалан 1996 оноос хөдөө гарч мал маллаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд тэмээн сүргээ өсгөн үржүүлж, 2017 онд “Алтан ботгоны эзэн”, 2018 онд улсын аварга малчин, 2024 онд Монгол Улсын гавьяат малчны алдар хүртжээ. Тэмээн тоо толгойгоороо Дорноговь аймагтаа анхны бөгөөд цорын ганц мянгат тэмээчин болсон тэднийх ам бүл долуулаа, Сэрвэн баян хошуу багийн Ширээ цав гэдэг газар өнтэй өвөлжиж байна.


Жилдээ 120-180 ботго бойжуулдаг бөгөөд өдөртөө 30-40 ингэ саадаг аж. Ингэ бол жил өнжиж ботголдог хэдий ч жилийн дөрвөн улиралд сүүг нь саадаг онцлогтой мал юм. Жилдээ 36-68 тонн сүү сааж, цагаан идээгээ боловсруулан ихэвчлэн Замын-Үүдэд борлуулдаг байна.


Тэрбээр Монгол Улсын гавьяат малчин цолын мялаалга наадмаа сумын ИТХ, ЗДТГ-тай хамтран энэ сарын 26-нд нутагтаа зохион байгуулж, Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Цогтцэций, Дорноговь аймгийн Мандах, Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг Сайхандулаан сумын тэмээчид оролцжээ.


Тэмээчдийн дунд хурдан ат, тайлаг, торомны уралдаан болж, шилмэл ингэ буур, сайхан тэмээтэй ганган хос, сайхан ат шалгаруулсан байна. Дорноговь аймаг өнгөрсөн жил 58119 толгой тэмээ тоолуулсан нь өмнөх жилийнхээс 4000-аар нэмэгдсэн байна. Харин Мандах сум өнгөрсөн жил 11474 тэмээ тоолуулсан нь өмнөх оныхоос мөн л 800 гаруй толгойгоор өссөн бөгөөд тэмээний тоо толгойгоор аймагтаа тэргүүлжээ.   

相关新闻