Монголын сайхан бичигтнүүд юуг онцлов?
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн - 2024” олон улсын уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол энэ сарын 22-ны өдөр Чингис хаан Үндэсний музейд болсон билээ.
28 дахь удаагийн энэхүү уралдаанд эх орны өнцөг булан бүрээс 6-100 настай 1200 гаруй сайхан бичигтэн оролцсон юм. Уралдааны шүүгч болон 8 ангилалд тэргүүн байр эзэлсэн сайхан бичигтнүүдийн сэтгэгдлийг хүргэе.
Монгол Улсын гавьяат багш С.Жамъянсүрэн: Энэ бол улс, бүсийн хамгийн далайцтай уралдаан юм
“Монголын сайхан бичигтэн-2024” олон улсын уралдааны шүүгчээр ажилласандаа баяртай байна. Энэ уралдаан олон жил тогтвортой явуулж байгаа хамгийн том үйл ажиллагаа юм. Улс, бүсийн хэмжээнд яваа хамгийн далайцтай уралдаан гэж хэлнэ. Нэг уралдаан мэт боловч дотроо олон ангилалтай, төрөлтэй болдгоороо онцлогтой.
Уг уралдаанд амжилт гаргахын тулд оролцогчид маш их чармайлт гаргадаг, эх орны өнцөг булан бүрээс оролцогч бүтээлээ сойдог. Оролцогчдын хүлээдэг уралдаан болж чадсан юм. Жилээс жилд хүрээгээ тэлж байна. Тиймээс ийм том хэмжээний уралдааны шүүгчээр ажиллана гэдэг хариуцлагатай үүрэг хүлээж буй хэрэг.
Бидний нүдэнд айхтар хүчин чармайлт гаргаж, өөрийгөө бүрэн дайчилж байгаа хөдөөгийн суман дахь сургуулийн сурагч хүү, охин, түүний сэтгэл, итгэл, хажуугаас нь удирдан чиглүүлж буй багшийн мэдрэмж харагддаг учраас уралдаанд ирүүлсэн бүтээл бүхэн сонин содон, эх орноо харсан мэт сэтгэгдэл төрүүлдэг.
Магадгүй хөндлөнгийн хүний нүдээр учир дутагдалтай, эсвэл гойд онцгой бүтээлүүд байж мэднэ. Харин бидэнд тийм биш. Уралдаанд ирсэн бүтээл бүрийг харахад сайхан мэдрэмж төрдөг юм.
Сэлэнгэ аймгийн Номгон сумын ЕБС-ийн 12-ын “А” ангийн сурагч Г.Лхагванаран:
Багш болох мөрөөдлийг минь “Монголын сайхан бичигтэн” уралдаан биелүүллээ
-“Монголын сайхан бичигтэн” уралдаанд анх удаа оролцлоо. “Цогт хунтайжийн Дуутын хадны бичээсийн хэл, найруулгын онцлог” сэдвээр оролцож тэргүүн байр эзэлсэндээ маш их баяртай байна. Уран бичлэгээр бичих нь зөвхөн бичгийн эрдэмд суралцахаас гадна олон давуу талтай. Тухайлбал, удаан хугацаагаар сууж сурах, гоо зүйн мэдрэмжтэй болох, цаашлаад сэтгэлгээний цар хүрээ хүртэл тэлдгээрээ давуу талтай.
Анх есдүгээр ангидаа коронавируст цар тахлын хөл хорионы үеийг ашиглан бийрийн бичлэгт суралцаж, өдгөө Оюунтуяа багшийнхаа удирдлагад “Тэнгэрийн бичиг” дугуйлангаа гурав дахь жилдээ ажиллуулж байна. Энэ ташрамд, намайг өнөөдрийг хүртэл тууштай дэмжиж, урам зориг өгч байсан Оюунтуяа багшдаа, Ганжигүүр багшдаа, гэр бүлийнхэндээ баярлалаа. Та бүхэн минь миний амжилтад хүрэх хамгийн том нууц хаалга шүү. Зургаадугаар ангиасаа л МУБИС-д элсэн суралцах мөрөөдөлтэй байсан. Үүний тулд чамгүй хичээж, зүтгэлийнхээ үр шимийг хүртэн дөрвөн жил улсын тэтгэлгээр суралцах эрх авсандаа маш их баяртай байна.
Хэдийгээр би МУИС-д суралцах боломж нээгдсэн ч өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхийн тулд МУБИС-ийг сонгосон. Багш мэргэжлээр суралцаж, өөрийнхөө багш шиг мундаг багш болохыг, цаашид ирээдүйн олон шилдэг мэргэжилтнийг бэлтгэх зорилгодоо хүрэхэд нэг алхам урагшилсандаа баяртай байна. Багш болох мөрөөдлийг минь “Монголын сайхан бичигтэн” уралдаан биелүүлж өглөө.
БНХАУ-ын ӨМӨЗО-ы Тунляо хотын иргэн, уран бичээч Баягууд Соёл:
Би тав дахь жилдээ оролцож анх удаа түрүүллээ
-Би монгол хэл, бичгийн багш мэргэжилтэй. Энэ уралдаанд оролцоод сэтгэл их өндөр байна. Маш том уралдаан юм. Би тав дахиа оролцож, энэ удаа түрүүллээ. Бүтээлээ гурван өдөрт хийсэн. Монголчууд галын дөл өөдөө гэдэг шүү дээ. Тиймээс наран зүг өөдөө байхыг эрмэлзэж нарны хэлбэртэй хийсэн юм. Чингис хаан шударга ёсыг эрхэмлэдэг хүн байсан. Тиймээс "Монголын нууц товчоон"-оос сэдэвлэж шударга ёсыг эрхэмлэж, үнэнч байх утгыг агуулж бичсэн юм.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” цогцолборын 4-ийн “Д” ангийн сурагч Ж.Ананд:
Өнгөрсөн аравдугаар
сараас хойш монгол бичгээр тууштай бичиж байна
-Би энэ уралдаанд их зохиолч Д.Нацагдоржийн “Өвөл”, “Зун” шүлгээр оролцлоо. Анх хоёрдугаар ангид байхдаа монгол бичиг заалгасан юм. Харин 2024 оны аравдугаар сараас хойш тууштай бичиж байна. Монгол бичгээр унших, бичих нь маш сонирхолтой санагдсан.
Дархан-Уул аймгийн 16 дугаар сургуулийн 11-ийн “В” ангийн сурагч Б.Намуунзаяа:
Би монгол бичгээр бичиж тайвширдаг
-Бийрийн бичлэгээр өнгөрсөн оны 6 дугаар сараас хойш тасралтгүй бичиж байна. Монголын сонгодог уран зохиолоор аймгийн хэмжээнд бие даасан үзэсгэлэнгээ гаргасан. Энэ уралдаанд тав дахь жилдээ оролцлоо.
Өмнө нь тусгай болон шагналт байр шалгарч байсан бол энэ жил түрүүлсэндээ маш их баяртай байна. Би монгол бичгээр бичээд эхлэхээр маш их тайвширдаг. Монгол бичгээр бичих нь хүний аливаад төвлөрөх чадварыг нэмэгдүүлдэг. Ирээдүйд хэл, бичгийн чиглэлээрээ суралцаж, мэргэших зорилготой. Өөрөө хэл, бичигт маш их дуртай учраас үүнийгээ үргэлжлүүлнэ.