Итали улстай авто тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-01-28 11:11:04

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Бүгд Найрамдах Итали Улсын Дэд бүтэц, тээврийн Дэд сайд Т.Ферранте нар өнгөрсөн баасан гарагт Ром хотноо уулзаж, Монгол, Италийн зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.


Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Зам, тээврийн харилцаа бол аливаа хоёр орны хоорондын бүхий л салбарын хамтын ажиллагааны суурь болж байдгийн хувьд энэ жил тохиож буй Монгол, Итали хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн эхлэл болгож “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулж байгаад баяртай байна. Хэлэлцээр нь Монгол Улсын Ази-Европыг холбосон транзит улс болох зорилготой нийцэж байгаа”-г тэмдэглэв.


Мөн хэлэлцээрийг хэрэгжүүлснээр хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлж, тогтворжуулахаас гадна худалдаа, эдийн засаг, аялал, жуулчлал, соёл, урлаг зэрэг бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чухал нөлөөтэй аж.


Дэд сайд Т.Ферранте “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсан нь хоёр орны хооронд шууд нислэг нээх эрх зүйн орчныг бүрдүүлээд зогсохгүй манай хоёр орны зам, тээврийн салбар төдийгүй бусад салбарын хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулна” хэмээжээ.


Талууд Монгол, Итали хоёр орны хоорондын худалдааны эргэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан авто тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэр дундаа “Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн Газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулах, жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан зөвшөөрөх чиглэлийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр харилцан тохиролцсоныг ЗТЯ мэдээллээ. 

相关新闻