ЗАВХАН: Говийн сумдад алаг мэлхий өрдөг уламжлал одоо ч бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-01-28 17:56:30

Улиастай, 2025 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн 24 суманд амьдардаг ястнууд өөр өөрийн онцлогтой цагаан сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.


Тосонцэнгэл, Их-Уул суманд битүүлгийн гол хоол нь хуушуур байдаг. Хуучин сартуул сэцэн засгийн хошуунд хамаарч асан баруун талын Яруу, Эрдэнэхайрхан суманд битүүний өдөр банш, буузаа жигнэдэг. Мөн цагаан сараар ихэнх нутагт банш, бууз жигнэдэг.


Түүнчлэн аймгийн баруун талын Алдархаан, Дөрвөлжин, Эрдэнэхайрхан, Ургамал суманд баншийг усанд чанаж зочдоо дайлдаг уламжлал одоо ч бий.


Харин сүүлийн үед ихэнх нутагт баншийг жигнэж зочдоо дайлдаг болжээ. Мөн говийн сумдын зарим айл цагаан сарын шинийн нэгэнд ахмад настныдаа цугларч золгуутаа хийгээд алаг мэлхий өрж тоглодог уламжлал хадгалагдсаар байна.


Энэ нутгийнхан төрт ёс, тэнгэр, хангайтайгаа шинийн нэгний өглөө хамгийн түрүүнд эхэлж золгодог уламжлал нь одоо ч хадгалагдаж байна. Шинийн нэгний өглөө нар гарахаас урьтаж зүг мөрөө гаргаад, цайны дээжээ өргөчхөөд сумынхаа Соёлын төвд их золгуутаа хийдэг аж. Үүний дараа зочдоо угтах, зочлуулах ёсоо эхэлдэг байна.


Уул усандаа мөргөж залбирахыг сартуулынхан “Зүгт мөргөх” гэж нэрлэдэг бөгөөд шинийн нэгэндээ багтаж гэрийн эзэд нутгийнхаа хамгийн өндөр уул хайрханд очиж идээ, цайгаа өргөж мөргөдөг уламжлалтай.


Завхан аймгийн баруун талын сартуул овгийнхон оршин суудаг сумынхан зүгийн зул, идээ, цай бэлтгэж гэрээс гарч тусгай дэвсгэр дэвсэж бүгд “зүгт мөргөнө” түүний дараа тэдгээрийгээ золгох айлдаа авч орж зулаа өргөн, зүгийн идээнээсээ хүн бүр хүртдэг уламжлал одоо хүртэл байна. 


Сартуул сумынханд зүгийн цай идээгээ бэлтгэдэг уламжлал одоо ч бий


相关新闻