Говь-Алтайд 3.5 сая толгой мал өвөлжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-10-23 12:21:18

Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын нарийвчилсан төлөвлөгөө гаргасны дээр сум бүрт өвөлжилтийг бэлтгэл хангах ажлын хэсэг гарч тодорхой ажил зохион байгуулж байна.

Аймгийн удирдлагууд бүх сумд ажиллаж өвөлжилтийн бэлтгэлтэй танилцан үүрэг даалгавар өгч биелэлтийг хянаж байгаа ажээ. Тус аймгийн хэмжээгээр энэ өвөл хавар 6658 малчин өрхөд 3.5 сая толгой мал өвөлжүүлэх төлөвтэй байна. Энэ жилд тус аймгийн нийт нутгийн 60 хувь зунтай, 40 хувь нь гандуу гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарчээ. Нийт бэлчээрийн 45 хувь нь нөөцтэй, 36 хувьд нь бэлчээр хүрэлцээтэй, 17 хувьд нь бэлчээрийн даац 3 дахин хэтэрсэн 1 хувьд нь 5 дахин хэтэрсэн төлөвтэй байна.

Нийт мал сүрэг өөрийн аймаг нутагт өвөлжих бөгөөд дархан газар болон хилийн зурваст хил залгаа сумдын малчид өвөлжих төлөвтэй байна.

Бор аргалантын отрын нутагт 40 орчим мянган мал өвөлжих бэлтгэлээ хангаад байна. “Зах зээл ба бэлчээрийн удирдлага” төслийн хүрээнд аймгийн өвс тэжээлийн аюулгүй нөөц хадгалах 120 тоннын багтаамжтай агуулахын барилгыг Шарга суманд барьж ашиглалтад орууллаа. Мөн орон нутгийн төсвийн хөрөнгөөр аймгийн аюулгүйн нөөцөд 173 тонн өвс, 25 тонн тэжээл бэлтгэхээр худалдан авах үйл ажиллагаа зохион байгуулж “Ус-Алтай” ХХК шалгарч гэрээний дагуу өвс тэжээлээ бэлтгээд байна. Сумд аюулгүй нөөцдөө тус бүр 50 тонн өвс 35 тонн тэжээл бэлтгэх үүрэг өгөгдсөнөөс одоогийн байдлаар 412 тонн өвс 70 тонн тэжээл бэлтгэсэн мэдээтэй байна. Малчид өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан 3120 тонн өвс 98.4 тонн гар тэжээл,1080 тонн хужир бэлтгээд байна.

                                                                               Ш.Цоодол

 

相关新闻