ГОВЬ-АЛТАЙ: Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг энэ сарыг дуустал үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-09-25 22:21:59

Говь-Алтай, 2025 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын үзлэгт төрийн болон төрийн өмчит 191 байгууллага хамрагдана.


Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоол,  Говь-Алтай аймгийн Засаг даргын 2025 оны А/466 дугаар захирамжийн хүрээнд ил ажил өрнөх аж. Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын урьдчилсан үзлэгийг есдүгээр сарын 16-30-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа тухай тус аймгийн Архивын хэлтсээс мэдээллээ. 


Сонирхуулахад, Монгол Улсад 1970 оноос бичиг хэргийн хөтлөлт, архивын ажилд улсын үзлэг явуулж байхаар шийдвэрлэж, 1984, 1990, 1995, 2000 онд төрийн архивын үйл ажиллагаанд, 2004, 2009, 2015, 2019 онуудад байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад улсын үзлэг явуулсан.  Эдгээр үзлэгийн үр дүнд улсын хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлтийн ажил жигд сайжирч, тодорхой үр дүнд хүрсэн гэж үздэг.


Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2020 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр батлуулж, мөн оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. Уг хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд 21 журам, заавар, стандарт, шинээр болон шинэчлэн батлагдан мөрдөгдөж байна. 


Мөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль 2021 онд, Цахим гарын үсгийн тухай хууль 2022 онд тус тус батлагдан мөрдөгдөж, шинээр батлагдсан хууль, журам, стандартын хэрэгжилт улсын хэмжээнд ямар түвшинд байгааг тогтоох зайлшгүй шаардлага үүссэн тул 2019 оноос хойш явагдаагүй байсан улсын үзлэгийг ийнхүү зохион байгуулж буй нь энэ юм.

相关新闻