ӨВӨРХАНГАЙ: Шилжилт хөдөлгөөн нэмэгдсэнээр сум эзэнгүйрч байгааг Засаг дарга нар хэлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ![](/files/679d820171418.jpeg)
Арвайхээр, 2025 оны хоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Аймгийн 19 сумын удирдлагууд хоёр өдрийн турш нэгдсэн сургалтад хамрагдлаа.
Энэ үеэр бодлогын хэлтэс, агентлагийн дарга нараас мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгч, тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо. Тухайлбал, Хоршоо хөгжүүлэх сангийн журам "хөрсөндөө буухгүй" байгаагаас шалтгаалж, малчид төдийлөн хамрагдахгүй байгаа бол “Аймгийн аварга малчин” шалгаруулах журам тодорхой бус байгаа нь шагналыг хавтгайруулах нөхцөл болж байгааг хэлэв.
Мөн сумаас аймаг, хот чиглэсэн шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, орон нутаг эзэнгүйдэж байгааг таслан зогсоох бодлого хэрэгтэй байна. Сурагчид багассантай холбоотойгоор сургуулиуд санхүүжилтээ авч чадахгүй, дампуурлын ирмэгт байгаа. Нэгдүгээр анги нь арваад, төгсөх анги нь 7, 8 хүүхэдтэй сургууль бий гэдгийг хэлж байлаа.
Үүнд аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж хариулахдаа, “Боловсролын үйлчилгээ сайтай газар хүүхдээ авчирч сургаж байгаа эцэг, эхчүүдийг буруутгах аргагүй. Үүнийг захиргааны аргаар шийдэх боломжгүй. Тийм болохоор сумдын удирдлагууд орон нутагтаа сайн багш яаж ажиллуулах, дутагдалтай орон тоог хэрхэн нөхөх, багш нарынхаа нийгмийн баталгааг яаж хангах вэ гэдэгт анхаарлаа хандуул. Орон нутгийн төсөвтөө хөрөнгө шийдвэрлэж, менежмент хий. Аймгаас бид зүгээр суугаагүй, шаадлагатай бүхнийг хийж байгаа” гэв.
2024 оны орон нутгийн сонгуулийн үр
дүнгээр 19 сумын ИТХ, Засаг дарга нарын 80 орчим хувь нь шинэчлэгдсэн. Нийт
30-60 насны дарга нар сумдыг удирдаж байгаагаас 4 нь эмэгтэй юм.