ЗАВХАН: Цагаан сарын баяртай холбоотой ямааны мах эрэлт их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-02-03 17:35:59

Улиастай, 2025 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Улиастайд махны үнэ сарын дотор 0.3 хувиар өсжээ.

Оны өмнө үхрийн цул мах 1 кг нь 14500-14800 төгрөг, хонины цул мах 1 кг нь 12800 төгрөг, ямааны мах 9500-9800 төгрөг байсан. Одоо үхрийн мах 1 кг нь 15000, хонины мах 13000 төгрөг, ямааны мах 10000 төгрөг байна.


Өргөн хэрэглээний барааны үнэ 0.5 хувиар өссөн бөгөөд 1-р зэргийн гурил 2800, элсэн чихэр 1кг нь 4000, будаа 1кг нь 4500 төгрөгийн үнэтэй байна.


Удахгүй болох цагаан сарын баяртай холбоотойгоор сүү, цагаан идээний үнэ кг тутамдаа 1000-5000 төгрөгөөр өссөн байна. Өнөөдрийн байдлаар шар тос 1 кг нь 40000, ааруул 1кг нь 35000-38000, тетрапак савалгаатай үйлдвэрийн сүү 1 литр нь 6000, шимийн задгай сүү 1 литр нь 7000, аарц 1кг нь 25000 төгрөг байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.


Худалдаачдын хэлснээр цагаан сарын үеэр ихэвчлэн үхрийн махыг худалдаж авдаг бөгөөд хонины мах нэг их зарагддаггүй, авсан ч кг-аар нь биш гулуузаар нь их худалдаж авдаг гэлээ. Цагаан сартай холбоотойгоор ямааны шулсан цул мах эрэлт ихтэй, гүйлгээ сайтай байна. 


Завхан аймагт нэгдсэн гурван зах үйл ажиллагаа явуулдгаас мах, сүүний чиглэлээр дагнасан зах байдаггүй. Өнөөдөр аймгийн хэмжээнд махны худалдаа эрхэлдэг 30 гаруй лангуу түрээслэгч байдаг. Тэдний хэлснээр махны үнийг махны худалдаачид биш, харин малчид өөрсдөө хөөрөгддөг. Малаа үнэтэй борлуулдаг. Олдоц ховор, малчид өөрсдийн гар дээрээс гудамжинд зогсоод худалдаа хийж үнийн хөөргөдөл бий болгодог гэв.

 

相关新闻