ӨВӨРХАНГАЙ: Д.Отгонбаяр: Өвөрхангай аймаг "Хурд" хамтлагтай салшгүй холбоотой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-02-05 16:55:34

Арвайхээр, 2025 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. “Бүсгүй” МУСК-ны нээлтийг Арвайхээр суманд хийх үеэр "Хурд" хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяртай ярилцлаа. Хурд хамтлаг өв соёлын чиглэлээр Өвөрхангай аймагтай хамтран ажиллаж байна.


-Та аль нутгийн хүн бэ? Өвөрхангайд байнга ирдэг болохоор тодруулж байгаа юм.

-Баянхонгор аймгийн Өлзийт сум бол миний аавын нутаг. Дээхэн үед Баянхонгор, Өвөрхангай аймаг нэг хошуу байсан. Баянхонгорын Өлзийт, Өвөрхангайн Нарийнтээл сум хил залгаа оршдог. Тийм учраас Өвөрхангайг би нутгаа гэж боддог. "Хурд" хамтлагтай салшгүй холбоотой. Манай С.Ишхүү биднийг дагуулаад байнга ирдэг байлаа. 



Нэг дурсамж ярихад “Халтар царайт” гээд кино гардаг байсан даа. Тэр үеэр С.Ишхүү маань "Хурд" хамтлагийг нутагтаа уриад хөдөө орон нутагт анхны тоглолтоо хийлээ. Тэгсэн чинь театрт нэг ч хүн ирдэггүй. Бүгдээрээ кино үзээд гэртээ суучихсан. С.Ишхүү ах театрын хоёр давхарт цонхоор хүн харуулдаж, “Тээр хойд энгэрээс хоёр, гурван хүн наашилж байна” гэнэ.


Ингээд арван хэдэн хүнтэй анхны тоглолтоо хийгээд буцахдаа ээжийнхээр нь орж, гурилтай хоол идчихээд шороо тургисан замаар шар Паз автобустай явж байснаа мартдаггүй юм. 


Түүнээс хойш олон иржээ. Наашаа ирэхдээ их дуртай, гэртээ ирж байгаа юм шиг гоё мэдрэмж төрдөг.


-“Бүсгүй” дууны үгийг Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул П.Сэргэлэн бичиж, аяыг Арвайхээр сумын уугуул С.Ишхүү зохиосон. Эзэнтэй дуу гэдэг байх аа?

-Тийм ээ, Өвөрхангайнхны хувьд энэ дуу илүү онцлог гэж хэлж болно. Тийм болохоор “Бүсгүй” уран сайхны киногоо хөдөө орон нутагт Өвөрхангайгаас эхлүүлээд явж байна.  

2000-аад оны эхээр “Бүсгүй” дууг анх бүтээхдээ П.Сэргэлэн ах /одоо Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайд/ онгоцны үйлчлэгч бүсгүй буюу одооны өөрийн ханьдаа дурлаад зориулж бичсэн захиа, тэмдэглэл маягтай шүлгийг С.Ишхүү тэр хоёр уран бүтээл болгохоор ярилцаж, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Х.Чилаажавт хандан дууны үг болгож байсан түүхтэй. Тэгээд "Хурд" хамтлагт авчраад анх дуулахад нэг тийм гоё гэгээлэг, амьтай санагдаж байсан. Ийм хөгжмийн найруулгатай, ингэж дуулах юм байна гэдгийг С.Ишхүү бид хоёр хамтарч ярилцаад

     Амсаад ханаагүй жаргалаа

   Аялгуут дуугаараа нөхөж явах нь дээ гэдэг хэсгийг би хийсэн юм. Тэгэхээр бид дөрвийн хамтарсан бүтээл. 15 жил болохдоо алгуурхнаар яван чангарсан, амин сүнстэй дуу.



-Өвөрхангай аймгийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд "Хурд" хамтлагийн оруулж буй хувь нэмэр их. Жишээ нь, Өндөр гэгээн Занабазарын урласан соёмбо үсгээр дуу бүтээж өгсөн шүү дээ.

-Тэгэлгүй яахав. Үнэхээр авшиг ерөөлтэй. Өндөр гэгээний дурсгал газрыг нээж очихдоо бид эхийн хэвлий дэх дүрслэлийг байгалиас санаандгүй олж харж, дүрсэнд буулгаж авсан. Их ховор, гоё тохиолдол. “Алтан соёмбо” дууны аялгуу, аринжировка, найруулга гээд бүгдийг би өөрөө их амтархаж, шүтэж, биширч хийсэн. Соёмбо бол ямар ч сахиусаас илүү, тахиж шүтэж явах ёстой зүйл гэж бодож байна.


Ер нь соёлын бодлого гэдэг чинь зөвхөн урлагийнхнаар хязгаарлагдахгүй, Монголын бүх ард түмэнд хамаатай зүйл. Монгол хүний соёлын чадамжийг дээшлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах, гар урлал, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих нь "Хурд" хамтлагийн зорилгод нийцдэг учраас их, бага хамаагүй, өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд хамтарч ажилладаг.

-Баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье. 

相关新闻