АРХАНГАЙ: Аймаг 2.1 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэхээс 2.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Архангай аймаг улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор 2025 оны эхний нэгдүгээр сард аймгийн төсөвт 5.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 6.2 тэрбум төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөөг 104.0 хувиар биелүүлжээ.
Улсын төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр аймаг
өөрөө 2.1 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэхээс 2.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэн төлөвлөгөөг 111.4 хувиар биелүүлсэн
байна.
Аймгийн төсвийн орлогын 62.5 хувийг тусламжийн орлогоор, 32.0 хувийг татварын орлогоор, 5.5 хувийг татварын бус орлогоор бүрдүүлдэг.
Орлогыг нэр төрлөөр нь үзвэл ан амьтны нөөц ашигласны төлбөр, хог хаягдлын үйлчилгээний хураамж 74.5-91.7 хувиар биелүүлээгүй, бусад нэрийн орлогыг 125.0 хувиас 6.7 дахин давуулан биелүүлсэн байна.
Улсын төвлөрсөн төсөвт аж ахуй нэгжийн орлогын татвараар
96.7 сая төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвараар 273.0 сая төгрөг, агаарын бохирдлын төлбөрөөр 6.6 сая төгрөг,
ус бохирдуулсны төлбөр 0.3 сая
төгрөг, суутгагчийн хуулийн этгээдэд олгосон орлогоос суутгасан албан татвар
2.7 сая, оршин суугч бус этгээдээс суутгасан нэмэгдсэн өртгийн албан татвар 0.3
мянга бүгд 379.6 сая төгрөгийг шилжүүлжээ.