Хун Ша И Жан компанийн монгол ажилчид жагсаал хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-10-25 17:48:35

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг Хун Ша И Жан ХХК-ийн монгол ажилчид эсэргүүцлийн жагсаал хийж байна. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унасны улмаас компанийн үйл ажиллагаа түр зогсоод байгаа бөгөөд сул зогсолтын мөнгө олгохыг шаардаж ийн ажилчид нь жагсахад хүрчээ.

Тус компанийн ажилчдын хувьд ихэвчлэн залуу хүмүүс байдаг. Бүгд цалингийн зээлтэй. Гэтэл компани өөрт алдагдалтай хэмээн үйл ажиллагаа зогсоож, иргэдийг ажилгүй болгосон. Харин цалингаас цалингийн хооронд амьдарч байсан энгийн ажилчин иргэд орлогогүй болж хүнд нөхцөлд хүрчээ. Уг нь Хөдөлмөрийн тухай хуулиараа дээрх компани сул зогсолтын мөнгийг ажилчдад олгох ёстой юм байна. Компани үүргээ биелүүлэхгүй байгаа учир өөрсдийн асуудлыг шийдвэрлүүлэхээр компанийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга н. Сэргэлэнбаатар болоод бусад хүмүүс аймаг орон нутгийн удирдлагууд хандсан байна. Харин удирдлагуудын зүгээс саналыг нааштайгаар хүлээн авч, эерэгээр шийдвэрлүүлэхээ илэрхийлжээ.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд аймаг орон нутгийн зүгээс ажилчидтай уулзаж, тэдний санал бодлыг сонсох, эрх ашгийг хамгаалах чиглэлээр ямар нэгэн ажил хийж байгаагүй гэдгийг ажилчид хэлж байна.

Хун Ша И Жан ХХК бол Цайрт минераль компанийн гүйцэтгэгч бөгөөд Сүхбаатар аймагт энэ чиглэлээрээ тасралтгүй 10 жил үйл ажиллагаа явуулж байгаа 100 хувь Хятадын хөрөнгө оруулалттай компани юм.

Т. Одончимэг

相关新闻