Хөгжлийн онцлогтой хүүхдүүдийн дунд “Хязгааргүй шатар” тэмцээн боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Олон улсын шатрын холбооноос 2025 оныг "Нийгэмд чиглэсэн нийтийн шатрыг хөгжүүлэх жил" болгон зарлаад байна.
Монголын шатрын холбоо энэхүү санаачилгыг дэмжин, хөгжлийн онцлогтой хүүхдүүдийн дунд шатрын спортыг түгээн дэлгэрүүлж, тэгш боломжийг бүрдүүлэх зорилгоор нөхөрсөг тэмцээн зохион байгууллаа.
Олон улсын шатрын холбоо "Хязгааргүй шатар" хөтөлбөрийг 2021 оноос эхлүүлсэн. Одоогоор Сингапур, Франц, Испани зэрэг 20 орчим улсад хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийг эх орондоо нэвтрүүлэхээр тус тэмцээнийг хийж байна.
Монгол шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “Хязгааргүй шатар хөтөлбөрийн үр дүнд авьяастай залуус мэргэжлийн тамирчин болтлоо өсөж дэвшиж байна. Шатрын спортод ямар нэгэн хязгаар үгүй.
Тэмцээнд оролцож буй хүүхэд багачууд дундаас ч ирээдүйн шатрын дэлхийн аварга, их мастерууд төрөх боломжтой.
Энэ хүсэл эрмэлзлийг бодит болгож, олон хүүхэд залуусын сонирхлыг оюуны спортод татсанаар сайн үр дүн гарна гэж итгэж байна” гэлээ.
Харин "Аутизм онцгой хүүхдүүд" академийг үүсгэн байгуулагч Б.Солонго ярихдаа “Аутизмын эмгэгтэй хүүхэдтэй
ажилладаг байгууллагын хувьд өнөөдрийн тэмцээн зохион байгуулж байгаад талархаж байна. Аутизмтай
хүүхдүүдийн дийлэнх нь өөрийн сонирхсон зүйлдээ бусдаас илүү улайрдаг. Иймээс ч амаргүй өрсөлдөгч байх
магадлалтай. Энэ төрлийн эмгэгтэй хүүхдэд нийгмийн харилцаа маш чухал. Мөн шатар нь хувь хүнийг хөгжүүлэх чухал ач холбогдолтой. Хүүхдүүд шатраар
дамжуулан үе тэнгийнхэнтэйгээ найзалж нөхөрлөн нийгэмшиж хөгжөөсэй гэж хүсэж байна” хэмээсэн юм.
Сургалт, танин мэдэхүй гэсэн төрлөөр болж буй "Хязгааргүй шатар" нөхөрсөг тэмцээнд аутизмын эмгэгтэй 30 гаруй хүүхэд оролцож байна. Тэдний нэг болох 11 настай Д.Данзанчойдор хоёр жилийн өмнөөс шатар тоглож эхэлжээ.
Түүний эмээ Т.Батцэцэг "Манай ачийг хоёр настай байхад аутизмын хөнгөн хэлбэрийн эмгэгтэй гэж оношилсон. Аав нь хоёр жилийн өмнө шатар тоглохыг заасан. Одоо сургуулийнхаа шатрын дугуйланд явдаг. Үүндээ илүү сонирхолтой байж, өнгөрсөн онд гэхэд сургуулийнхаа шатрын аварга болсон. Энэ спортоор хичээлснээс хойш илүү хөдөлгөөнтэй, бодож сэтгэх чадвар нь ч дээшилсэн" хэмээн ярьж байлаа.
"Хязгааргүй шатар” тэмцээний тэргүүн байр нэг сая төгрөг, дэд байр 500 мянга,гутгаар байр 300 мянган төгрөгийн шагналтай байна.