Сумын анхны мянгат малчин эмэгтэй гавьяат цол хүртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн Чандмань сум, Сүлжээ багийн малчин Жадамбын Дулам Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын өмнө Монгол Улсын гавьяат малчин цол хүртсэн бахдам амжилтаар нутаг орныхоо нэрийг дуурсгалаа. Түүнийг Ховд аймгийн удирдлагууд, нутгийн зон олон, үр хүүхдүүд нь Ховд аймгийн Олон улсын Нисэх онгоцны буудлаас хүндэтгэл үзүүлж, халуун дотно хүлээн авсан юм.
Тэр аймагтаа анхны улсын аварга эмэгтэй сайн малчин цол хүртэж байсан бол мөн л анхны эмэгтэй гавьяат малчны нэг болж мянга мянган малчин эмэгтэйчүүдээ манлайллаа.
Ж.Дулам 1969-1991 онд анх Чандмань сумын “Шинэ зам” нэгдэлд саальчин, 1991 оноос хойш Сүлжээ багт малчин мал ахуйгаа эрхэлж яваа.
Тэрээр 2005 онд Монгол Улсын сайн малчин, 2013 онд Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнуулж байсан юм.
Мал аж ахуйн салбарт тасралтгүй 50-иад жил ажиллахдаа мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн үржүүлж, сумандаа анх удаа хоёр мянгат малчин болжээ.
Малынхаа ашиг шим нэмэгдүүлэх үүднээс ”Алтайн улаан ямаа”, ”Сутай омгийн хуц”, ”Бумбатын улан ямаа” сайжруулагчаар ашиглаж, таваарлаг чанартай үүлдэр угсаа бий болгосон.
Бэлчээр уст цэгийг зөв зохистой ашиглаж, өвөлжөө хаваржаагаа үлгэр жишээ тохижуулан хадлан бордоо гар тэжээл, хужир шүүг эртнээс сайтар бэлдэж хэвшсэн. Ахмад, тэргүүний баатар хоньчдын туршлагыг амьдралдаа хэрэгжүүлэн залуу хойч үеийн малчиддаа зааж сургаж яваа хөдөлмөрч эмэгтэй юм.
Ж.Дуламынх нутгийнхаа малгүй буюу цөөн малтай айл өрхүүдийг малжуулж, баг, сум орон нутгийн бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө санхүүгийн болон сэтгэл санааны өгөөмөр дэмжлэг үзүүлдэг.
Тэр арван хүүхэд төрүүлж өв тэгш өсгөн хүмүүжүүлж, эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж,амьдарч яваа алдар хүндтэй сайхан ээжий.
Ж.Дулам Хар ус нуурын Шарилж гэдэг газар 6 га хадлангийн талбай, Баян хошуунд 1 га ногооны талбайтай. Жил бүр хүүхдүүдийн хамтаар 30-40 тн байгалийн хадлан бэлтгэн нөөцөлж, бэлчээрийг нарийн хуваарьтай ашиглан багийн ИНХ-аас гаргасан бэлчээр ашиглалтын журам зураглалыг үлгэрлэн баримталдаг.
Ийм хичээнгүй зүтгэл нь мал сүргээ хорогдолгүй маллах төл бойжуулахад үр дүнгээ өгдөг.
Монгол Улсын гавьяат малчин Ж.Дуламынх жил бүр аймаг сумын, хотын зах зээлд дунджаар 400,0-450,0 толгой мал, 250-300 кг ноолуур, 1-12 тн хонины ноос, 200-250 кг тэмээний ноос борлуулж жилдээ 27-32 сая төгрөгийн орлого олж, үр хүүхдийнхээ сурч боловсрох, хөгжих бололцоог уйгагүй хөдөлмөрийнхөө үр шимээр бүрдүүлдэг.
Малын хишиг буян, хөдөлмөр зүтгэлийнхээ үр шимээр аймгийн төвд хоёр өрөө тохилог байр, суудлын авто машин худалдан авч сэтгэл хангалуун элбэг дэлбэг аж төрж явна.
Эднийх шилмэл малын үзэсгэлэн худалдаанд гойд ашиг шимт мал шалгаруулахад мал сүргээ тогтмол оролцуулж, 2001 онд том хэр азарга Алтан медаль, 2002 онд бага хээр азарга, улаан зүсмийн ухна мөнгөн медаль, 2003 онд сутай омгийн халзан хуц алтан медаль, 2004 онд саарал азарга нь тусгай шагнал хүртсэн малын хишиг буяныг дэлгэрүүлж,төрөөс авсан хайр шагналын хариуг малаа хайрлах ухаанаараа хариулдаг.
Малын чанар, удам угшлыг сайжруулах талаар арвин их туршлага хуримтлуулсан айл.
Ж.Дулмаа ээж таван хүү таван охиноо өрх тусгаарлан гарахад 1500 гаруй мал өмч болгон өгсөн гэдэг.Түүний хоёр хүү нь, нэг охин нь одоо 1000 аас дээш толгой мал тоолуулж, сумын аварга малчин болцгоосон.
Мал сүргээ улирлын байдалд тохируулан 4-5 суурь болгон сум багийн мал цөөтэй иргэдээр маллуулж, хөлсөнд бэлэн мөнгө, өргөн хэрэглээний бараа өгч өрхийн орлогыг нэмэгдүүлж, жилд дунджаар 6000,0-7000,0 сая төгрөг, 250-300 толгой мал хариулга маллагааны хөлсөнд тооцон өгсөн аж.
А.Бямбасүрэн
注释