Украинтай тагнуулын мэдээлэл солилцохоо АНУ түр зогсоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 6 /BBC/. Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрээр АНУ Украинтай тагнуулын салбар дахь хамтын ажиллагаагаа зогсоож, Киевт тагнуулын мэдээлэл өгөхгүй байгаа тухай Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф мэдэгдлээ.
Цагаан ордны шийдвэрийн талаар Барууны хэд хэдэн хэвлэлээр мэдээлсэн юм. "Цэрэг, тагнуулын хамтын ажиллагааны салбарт тагнуулын мэдээлэл солилцохыг зогсоосон түр зуурын завсар үе дуусна гэж би бодож байна. Бид Украинтай мөр зэрэгцэн түрэмгийллийг хамтдаа няцааж чадна гэдэгт найдаж байна. Бид дэлхий ертөнцийг илүү сайн сайхан болгож, энх тайван тогтоох хэлэлцээнд ахиц дэвшил гаргах хэрэгтэй" гэж Ж.Рэтклифф “Fox Business Network” сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо хэлсэн байна.
Украины засгийн газар дахь эх сурвалж лхагва гараг Их Британийн “Sky News” сувагт мэдээлэхдээ, тагнуулын мэдээлэл солилцох ажиллагаа бүрмөсөн зогсоогүй, харин Оросын нутагт явуулах давшилтад шаардлагатай мэдээллийг дамжуулахаа зогсоосон гэж тайлбарлажээ.
Украины хувьд Америкийн тагнуулын албатай хамтран ажиллах нь Оросын цэргийн байг тодорхойлж, цохилт өгөхөд чухал байв. Украины Европ дахь холбоотнуудад тагнуулын нисэх онгоц, хиймэл дагуул зэрэг тагнуулын хэрэгслүүд бий боловч тэдгээр нь Америкийнхтай харьцуулахад олон биш, Америкийн хэрэгслүүдийг орлож чадахгүй гэж “Financial Times”сонинд бичжээ.
Д.Трампын засаг захиргаа Украинд үзүүлэх цэргийн тусламжаа зогсоох шийдвэр гаргасны дараа тагнуулын мэдээлэл солилцох ажиллагаа зогссон байна.