БУЛГАН: "Мөрөөдлийн цом-2025" олимпын таеквондогийн тэмцээнээс аймгийн тамирчид 23 медаль хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Дархан хотноо "Dream cup-2025" буюу Мөрөөдлийн цом олимпын таеквондогийн тэмцээн гуравдугаар сарын 8-9-ний өдрүүдэд болж, 39 байгууллагын 750 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараараа өрсөлдлөө.
Тэмцээнд Булган аймгийн Булган-Бүргэд таеквондогийн клуб 12 тамирчинтай, Бүрэгхангай сумын Түмэн таеквондогийн клуб 15 тамирчинтай оролцсон байна
Булган-Бүргэд клубийн дасгалжуулагч багшаар С.Ганбаатар, Г.Батжаргал нар ажиллаж тамирчин бүр медальд хүрсэн бөгөөд алтан медаль 3, мөнгөн медаль 8, 2 хүрэл медаль авч Social dres төрөлд тамирчин Б.Номин мөнгөн медаль хүртсэн байна.
Бүрэгхангай сумын Түмэн клубийн дасгалжуулагч багшаар Л.Пүрэвсүрэн ажиллаж, 15 тамирчин оролцсоноос 4 алтан медаль, 1 мөнгөн медаль, 5 хүрэл медаль хүртлээ.
Булган аймгийн хүүхэд, залуучууд чөлөөт цагаараа таеквондогоор хичээллэх сонирхолтой болсон бөгөөд одоогоор 50 гаруй хүүхэд Бүргэд, Түмэн клубүүдэд бэлтгэл хийж байна.
Монгол Улсын спортын мастер С.Ганбаатар, ОУХМ Г Батжаргал багш нар энэ дугуйлангаа 29 жил хичээллүүлж байна.