XIX зууны бүтээл Баян Намсрай, Гонгор, Жамсран бурханыг анх удаа толилуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-10-26 17:50:30

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей сан хөмрөгөөсөө урьд өмнө дэлгэж байгаагүй Намсрай, Гонгор, Жамсран бурхадын 100 гаруй үзмэрийг анх удаагаа олон нийтэд толилууллаа.

“Эрдэнэ болсон гурван сахиус” хэмээх үзэсгэлэнг нээж тус музейн захирал У.Сарантуяа хэлэхдээ, “Монголд бурханы шашин дэлгэрснээр монгол хүн бурхадын хөргийг ур ухаанаа шингээн, дүрслэх урлагийн бүхий л төрлөөр бүтээж, өв уламжлуулан, нандигнан хадгалж тахин шүтсээр ирсэн. Эдгээр өв сан нь өдгөө бидний мэлмий, оюуныг баясган, бахадлыг төрүүлсээр байна. Манай музей өв сангийн арвин цуглуулгатай. Үүнийгээ хадгалан хамгаалахаас гадна үзэсгэлэнгээр дамжуулан үзэгчдэд таниулан сурталчлах ажлыг тогтмол явуулдаг. Энэ үзэсгэлэнг гаргахын тулд 6 дугаар сараас эхлэн бэлтгэсэн. Үзэсгэлэнгийн тухай каталоги, номыг англи, монгол хэлээр хэвлүүллээ. Энэ удаа музейгээс зохион байгуулж буй “Арван хангал” цуврал үзэсгэлэнгийн 4 дэх буюу "Эрдэнэ болсон гурван сахиус" үзэсгэлэнд монголчуудын сайн мэдэх Баян Намсрай, Улаан сахиус буюу Жамсран, Гонгор бурхан та бүхний өмнө гэгээн мэлмийгээ нээж байна” гэв.

Бурханы шашинд “Арван хангал” гэж алдаршсан Жигжид, Очирваань, Гомбо Чагдугба, Цагаан махгал, Дамдинчойжил, Балданлхам, Шалши, Намсрай, Жамсран, Цамба хэмээх агуу чадалтай, хилэнт дүртэй бурхад байдаг. Эдгээр бурхад нь хүний нүднээ үл үзэгдэх хийгээд үзэгдэх хортон бүгдийг илүү  сүр хүчинд хувирч, айлган сүрдүүлж устган тонилгох тангарагтай учраас тэднийг аймшигт догшин байдалтай хурц өнгөөр дүрсэлдэг байна.

Үзэсгэлэнд хангал бурхад болох Баян Намсрай, Улаан сахиус буюу Жамсран, Цагаан итгэл буюу Гонгор бурханы баримал, зурмал бүтээлүүдийг дэлгэжээ. Эдгээр бүтээл нь XIX зуунд холбогдох бөгөөд ихэнх нь нэр нь үл мэдэгдэх урчуудын 100 гаруй бүтээлээс бүрджээ.

Гурван сахиус нь Монголчуудын дунд өргөн түгэн дэлгэрсэн бөгөөд Баян Намсрай, Гонгор нь эд баялаг арвижуулах, Жамсран нь цэргийн үйл хэрэг, дайн тулаанд хамгаалагч сахиус хэмээн шүтэж иржээ.

Үзэсгэлэн сарын турш олны хүртээл болно.

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

相关新闻