Улсын заан Д.Хүдэрбулга Монгол цэргийн өдрийн барилдаанд анх удаа түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр, орчин цагийн зэвсэгт хүчний 104 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан боллоо.
Улсын цолтой 47 бөх тэргүүлсэн чансаа өндөр энэхүү барилдаанд Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Нэгдэл” клуб, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын заан Д.Хүдэрбулга түрүүлж, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, аварга О.Хангай үзүүрлэв. Улсын заан Д.Хүдэрбулгын хувьд монгол цэргийн өдөрт зориулсан барилдаанд анх удаа түрүүлж байгаа нь энэ. Тэрбээр Намрын нээлтийн барилдаанаас хойш бөхийн өргөөнд хоёр түрүүлж, нэг удаа их шөвөгт шалгарчээ. Тэгвэл үзүүрлэсэн О.Хангай аварга дөрөв түрүүлж, нэг үзүүрлэсэн амжилттай явна.
Тус барилдааны их шөвөгт Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын заан С.Сүхбат, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх, начин Э.Батмагнай нар шалгарлаа. Тэдний энэ улиралд үзүүлсэн амжилтыг харвал С.Сүхбат нэг түрүүлж, нэг үзүүрлэн, хоёр удаа их шөвөгт шалгарсан байна. Харин Э.Батмагнай хоёр түрүүлж, нэг үзүүрлэн, нэг удаа дөрөвт үлджээ.
Уг барилдааны дунд шөвөгт улсын арслан Б.Орхонбаяр, заан М.Лхагвагэрэл, харцага Б.Зоригтбаатар, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар үлдэв.