УИХ-ын хаврын чуулганыг нээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. УИХ-ын хаврын ээлжит чуулганыг өнөөдөр нээв.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чуулганыг нээж хэлсэн үгэндээ, “Чуулганы завсарлагын хугацаанд миний бие УИХ-ын гишүүдийн хамтаар хангайн, баруун, төвийн, зүүн, говийн бүсийн аймгуудад ажиллаж, малчид, хоршоологчид, худалдаа, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид, хуульчид, ахлах ангийн сурагчдын төлөөлөл зэрэг 25 мянга гаруй иргэнтэй уулзлаа. Иргэд биднээс бүрэн эрхийн хүрээ хязгаар, боломжоос хальж давсан зүйлийг хүсэхээс илүүтэй парламент нь парламент шиг ажиллахыг хэлж сануулж байна. Иргэдээ ажил орлоготой байлгах, үр хүүхдүүдээ орчин нөхцөл хангагдсан сургууль цэцэрлэгт хамруулах, эрүүл мэндийн үйлчилгээ ойр байх, зам харгуй, дэд бүтцийг хөгжүүлэх гээд наад захын амин чухал зүйлсийг хөндөн үгээ дайж байна. Энэ бол Та бидний баталж буй хуулиуд иргэдийн амьдралын чанарыг ахиулахад чиглэх ёстой гэсэн үг” хэмээн онцлов.
Түүнчлэн тэрбээр “Нэгдүгээрт, УИХ мега төслүүд хэрэгжих
эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд онцгой анхаарч, улс орныхоо хөгжил дэвшлийн
төлөө хамтарсан Засгийн газраа бүрэн дэмжиж ажиллах нь зүйтэй. Хоёрдугаарт, хүн
төвтэй хууль зүйн бодлогын суурь Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт
оруулах замаар тавигдах ёстой. Хууль бүтээх сэтгэлгээг өөрчлөхгүйгээр эрх зүйн
хөгжилд хүрэх боломжгүй. Гуравдугаарт, зах зээлийн шударга өрсөлдөөн,
эдийн засгийн тэлэлтийн эрх зүйн орчныг дэмжих хуулийн төслүүдийг хэлэлцэн
шийдвэрлэхэд анхаарал хандуулна” хэмээв.
Тус чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн
хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,
"Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай" УИХ-ын
тогтоолын төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны гүйцэтгэл, Засгийн
газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон "Монгол Улсын 2024 оны төсвийн
гүйцэтгэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл, "Засгийн газрын өрийн
удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай" УИХ-ын
тогтоолын төсөл, "УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх
төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай" УИХ-ын тогтоолын
төсөл, "УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын
тухай" УИХ-ын тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэх юм.