Чөлөөтийнхөн ААШТ-д бэлэн болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Йорданы нийслэл Амман хотод сонгомол болон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд найм хоногийн хугацаа үлджээ.
Тус тэмцээнд Азийн 37 орны 378 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлэг өгсөн байна. Харин манай улсаас чөлөөт бөхийн төрөлд шигшээ багийн эрэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч Д.Гомбодорж, дасгалжуулагч Ж.Чулуунбат, Г.Амархүү, эмэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч С.Сүхбаатар, дасгалжуулагч Б.Одончимэг, Ө.Ууганбаяр нарын удирдлага дор нийт 20 тамирчин оролцох бол сонгомол бөхийн төрөлд дасгалжуулагч С.Мөнхсүхийн удирдлага дор гурван тамирчин зодоглоно.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ, 61 кг-д Т.Түвшинтулга, 65 кг-д Ц.Цогбадрах, 70 кг-д Т.Тулга, 74 кг-д Б.Батбаяр, 79 кг-д О.Сүлдхүү, 86 кг-д Н.Батбилгүүн, 92 кг-д Б.Бат-Эрдэнэ, 97 кг-д Г.Ганхуяг, 125 кг-д М.Лхагвагэрэл нар барилдана. Тэгвэл эмэгтэйчүүдийн 50 кг-д Б.Мөнхнар, 53 кг-д Ч.Отгонтуяа, 55 кг-д Б.Отгонтуяа, 57 кг-д Х.Болортуяа, 59 кг-д Т.Алтжин, 62 кг-д С.Цэрэнчимэд, 65 кг-д Т.Энхжин, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 72 кг-д З.Болортунгалаг, 76 кг-д Э.Даваанасан нар зодоглох аж. Харин сонгомол бөхийн 55 кг-д М.Сумъяабазар, 63 кг-д Н.Ганбаяр, 77 кг-д Н.Оргил нар өрсөлдөхөөр болов.
ААШТ-д оролцох сонгомол багийн тамирчид Йорданыг зорьсон бөгөөд өдгөө хамтарсан бэлтгэлд хамрагдаж байна. Тэгвэл 23-нд албаныхан 25-нд тамирчид, дасгалжуулагчид Йорданыг зорих юм.
Чөлөөт бөхийн энэ оны УАШТ-нд түрүүлсэн тамирчин тивийн дэвжээнд хүч үзэх бөгөөд тус тэмцээн 1979 оноос эхлэлтэй. Тэгвэл монголчууд чөлөөт бөхийн ААШТ-ээс 1989 онд анхны медалиа хүртсэн түүхтэй. Японд болсон тус тэмцээнээс 48 кг-ын жинд Ч.Батбадрал, 68 кг-д Х.Амараа, 82 кг-д П.Сүхбат нар алт, 130 кг-д А.Баатархүү мөнгө, 74 кг-д Л.Энхбаяр, 90 кг-д Ч.Бямбадорж нар хүрэл медальтай ирж байв. Монголын чөлөөт бөхийн баг 1979 оноос энэ тэмцээнд тасралтгүй оролцохдоо 1999 оноос бусад жилүүдэд медальтай ирсэн билээ.
Сонгомол бөхийн тамирчид Амманд хамтарсан бэлтгэлд хамрагдаж буй фото агшнаас хүргэе.