Ж.Дэлгэрсайхан: Төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлаж, алдагдалгүй явуулах ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-03-20 16:47:41

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Эдийн засаг хөгжлийн яамнаас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.


Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Сангийн яам, Монголбанк, Олон улсын вальютын сан болон эрдэмтэн судлаач, иргэн нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулахад анхаарах асуудал, цаашид баримтлах бодлогын чиглэлээр харилцан санал солилцлоо. Мөн эдийн засгийн нөхцөл байдал, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглал, инфляц, Засгийн газрын өрийн өнөөгийн нөхцөл байдал, дунд хугацааны бодлого стратегийн талаар илтгэл танилцуулав.


Монголбанкны Эдийн засгийн шинжилгээ,бодлогын хэлтсийн захирал Б.Цэнд-Аюуш инфляцийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэхдээ,  “Оны эхний хоёр сарын байдлаар инфляцын түвшин 9.6 хувьд хүрэхэд хүнсний бараа тэр дундаа гурил, мах, махан бүтээгдэхүүний үнийн өсөлт голлон нөлөөлсөн. Сүүлийн хоёр жил өвөл, хаврын зуднаар малын хорогдол нэмэгдсэн. Өнгөрсөн онд гэхэд 9 сая 400 мянган мал хорогдсон статикстик тоо бий. Энэ шалтгаанаар махны нийлүүлэлт доголдож, үүнийгээ дагаад үнэ өсөж байна. Тухайлбал, одоогоор хонь, үхрийн махны үнэ 20 хувиар нэмэгдээд байгаа нь эргээд дан ганц мах бус мах махан бүтээгдэхүүн, нийтийн хоолны үйлчилгээнд ч нөлөөлсөөр байна. Нэг талаасаа байгаль, цаг уурын таагүй нөхцөл нь үнийн өсөлтийн томоохон шалтгаан болж байна” гэв.


Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулж, шаардлагатай макро эдийн засгийн таамаглал нөхцөл байдлын тайлангийн хамт хүргүүлжээ.


Энэ талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, эдийн засагч, СЭЗИС-ийн багш, дэд профессор Ж.Дэлгэрсайхан ярихдаа, ”Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өнгөрсөн онд уул уурхайн салбартай холбоотой хэт хамаарал, өсөлт нь эдийн засаг буурсан үед эрсдэл болж болох юм. Иймээс төсвөө хянаж, хязгаарлах хэрэгтэй гэсэн зөвлөмж өгсөн. Одоогоор энэ дүгнэлт өмнөхөөсөө өөрчлөгдөөд байна. Бидний өмнө гарцаагүй том сорилт тулчихсан, аль хэдийн нөлөөлж эхэлсэн. Тиймээс эдийн засгийн өсөлт бусад тоогоо загварын үр дүнд үндэслэн танахаас гадна цаашдаа төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлаж, алдагдалгүй хэвээр нь явуулах ёстой. Төсөвтэй хамт дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг 12 дугаар сард баталдаг. Ядаж үүн дээрх тоогоо өөрчлөхгүй, давуулж тэлүүлэхгүй байх ёстой гэж зөвлөж байна. Зөвлөмж болон үүссэн нөхцөл байдалд үндэслэн төсвийг тодотгох нь Засгийн газрын хийх ёстой ажил. Одоогийн нөхцөлд яах аргагүй эрсдэл хэдийн үүсчихсэн. Үүнээс сэргийлж тодорхой арга хэмжээ авах ёстой. Ялангуяа өнөөдөр хэлэлцэж буй дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн бодлогоо маш болгоомжтой зөв хийх ёстой юм” хэмээн тодотгов.










相关新闻