Дундаж орлоготой орнуудын хөгжлийн асуудлаарх НҮБ-ын өндөр түвшний уулзалт болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Дундаж орлоготой орнуудын хөгжлийн асуудлаарх НҮБ-ын өндөр түвшний уулзалт энэ сарын 1-нд Нью-Йорк хотноо болов.
Дэлхийн банкны аргачлалаар өдгөө 100 гаруй улс дундаж орлоготойд тооцогдож байгаа бөгөөд эдгээр улсад дэлхийн нийт хүн амын 75 хувь нь амьдарч байна. Өндөр түвшний уулзалтаар “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх явцад дундаж орлоготой орнуудад тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар хэлэлцэж, олон улсын хамтын ажиллагаанд дотоодын нийт бүтээгдэхүүнээс өөр шинэ арга, аргачлалын үзүүлж болох үр нөлөөний тухай хөндөн ярилцав.
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч
Н.Анхбаяр өндөр түвшний уулзалтад хэлсэн үгэндээ манай улс 2024 онд дунджаас
дээгүүр орлоготой улс орны ангилалд орсон талаар мэдээлж, НҮБ-ын Ерөнхий
Ассамблейн 79 дүгээр чуулганы үеэр баталсан “Ирээдүйн төлөөх гэрээ”-нд заасан
олон улсын банк санхүүгийн бүтцийн шинэчлэлийг түргэвчлэх, мөн Далайд гарцгүй
хөгжиж буй орнуудын асуудлаарх 2024-2034 оны Үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжиж
эхэлсэнтэй холбогдуулан тэдгээр улсын дэд бүтцийн хөгжлийг дэмжиж, хөрөнгө
оруулалтаа нэмэгдүүлэхийг олон улсын санхүүгийн байгууллагууд болон хөгжлийн
түншүүдэд уриалав гэж ГХЯ-наас
мэдээллээ.