ХОВД: Орон нутагт шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Шинжлэх ухаан, технологи, инновацын тухай хуулийг шинэчлэн найруулж, 2024 онд баталсан.
Тус хуульд "бүс, орон нутагт шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх зорилт, үйл ажиллагааг төрөөс баримтлах бодлоготой уялдуулан зохицуулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий аймаг, нийслэлийн шинжлэх ухаан, технологи, инновацын дэд зөвлөлийг Засаг даргын шийдвэрээр байгуулна" гэх заалт бий.
Үүний дагуу Ховд аймгийн Шинжлэх ухаан, технологи, инновацын дэд зөвлөлийг 17 эрдэмтэн, судлаачийн бүрэлдэхүүнтэй байгуулжээ.
Тус зөвлөлийн гишүүд өнгөрсөн долоо хоногт анх удаа хуралдаж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар ярилцав.
Улмаар бүс, аймаг, орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд шинжлэх ухааны дэвшил, ололт амжилт, орчин үеийн технологи, инновац нэвтрүүлэх талаар саналаа нэгтгэж, дэд зөвлөлийн 2025 оны ажлын төлөвлөгөө боловсруулан батлуулахаар болжээ.
Дээрх зөвлөлийг аймгийн Засаг дарга М.Амарсанаа ахалж ажиллахаар болсон гэж ЗДТГ-аас мэдээллээ.
Зөвлөл нь цаашид орон нутагт тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухаанд тулгуурлан шийдвэрлэх, мэдээллийн технологийн боломжийг таниулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх талаар шинэ ажил хэрэгжүүлэхээр зорьж буй.