Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Бөхийн өргөөнд найм дахь удаагаа түрүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Онгон сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улсын өсөх идэр харцага Д.Одсүрэнгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой, хүчит бөхийн барилдаан боллоо.
Энэхүү барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгоноор манлайлуулсан 128 хүчтэн зодоглосноос Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлж, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Нэгдэл” клуб, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын заан Д.Хүдэрбулга үзүүрлэв. Ардын хувьсгалын 104 жилийн баяр наадмаар улсын цолд хүрэх бөхчүүдийн тааварт тэргүүн эгнээнд яваа түүний хувьд Бөхийн өргөөнд зохион байгуулсан барилдаанд найм дахиа түрүүлж байгаа нь энэ юм. 2024-2025 оны улиралд хоёр түрүүлж, нэг үзүүрлэв. Ингэхдээ улсын арслан О.Аюушийн нэрэмжит барилдаанд үзүүрлэж, “Атар” хэвийн боовны баярт зориулсан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан болон төрөлх сумынхаа 100 жилийн ойн барилдаанд түрүүллээ.
Тус барилдааны их шөвөгт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын арслан Ц.Бямба-Отгон, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, заан Б.Бат-Өлзий нар шалгарав. Харин наймд улсын харцага Б.Зоригтбаатар, өсөх идэр начин Ч.Батчулуун, начин Б.Түвшинтөгс, аймгийн арслан Ц.Төмөрцоож нар үлдэв. Энэ үеэр улсын цолд ойрхон бөхийн шагналыг Ховд аймгийн арслан Ц.Төмөрцоожид гардуулсан юм.
Уг барилдааны түрүү бөх 10, үзүүр бөх зургаа, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр хоёр сая төгрөгийн байг хурдан удмын адуутай гардлаа.