Г.Занданшатар: Өсвөрийн шатарчдын зорилгыг томруулж, өрсөлдөөнийг илүү хүчтэй болгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Монголын шатрын холбоо болон Азийн шатрын холбоо хамтран Ази тивийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 22-ноос “Холидэй Инн” зочид буудалд зохион байгуулна. Таван өдөр үргэлжлэх тус тэмцээнд 10 гаруй улсаас шилдэг шатарчид ирж оролцох юм.
Харин манай улсаас оролцох шатарчдыг сонгон шалгаруулах нээлттэй тэмцээн Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр эхэллээ. Уг тэмцээнд 160 тамирчин оролцож байгаа бөгөөд эрэгтэй, эмэгтэй ангилалд тус бүр шилдэг 20 шатарчин 3.3 бүсийн тэмцээнд өрсөлдөх эрхээ авах аж.
Тэмцээний талаар
Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар ярихдаа, “Бид шатрын спортын
түүхэнд дахин нэг шинэ хуудас нээх ач холбогдолтой тэмцээний гэрч болж байна.
Олон улсын шатрын түүхэнд 1960 оноос хойш өнөөг хүртэл зохион байгуулж ирсэн
Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад долоон жилийн дараа хоёр
дахь удаагаа болно. 2023 онд Индонезид болсон Азийн бүсийн тэмцээнд их мастер
С.Билгүүн түрүүлсэн амжилтыг манай шатарчид энэ жил хадгалж, алтан цомыг монгол
шатарчин хүртэнэ гэдэгт найдаж байна. Дэлхийн цомын алдарт хүрэх замд хөтлөх
энэ тэмцээн нь мэргэжлийн шатарчид төдийгүй өсвөрийн тамирчдын зорилгыг
томруулж, өрсөлдөөнийг илүү хүчтэй болгоно гэдэгт итгэж байна” гэв.
1960 онд Энэтхэгийн
Мадрас хотод болсон ААШТ-д манай улсаас спортын мастер С.Мөөмөө анх удаа
оролцож хүрэл медаль хүртэж байсан бол 1966 онд Л.Мягмарсүрэн Монголоос төрсөн
анхны аваргаар тодорч, олон улсын мастер цолоо авч байсан юм. Азийн 3.3 бүсийн тэмцээнийг
анх 2019 онд Монголд зохион байгуулж байв. Уг тэмцээнд олон улсын мастер С.Ган-Эрдэнэ,
их мастер Б.Мөнгөнтуул нар амжилттай тоглож дэлхийн цомд оролцох эрхээ авч
байсан билээ.
Түүнчлэн өнгөрсөн жил болсон 3.3 бүсийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон их мастер С.Билгүүн түрүүлсэн түүхтэй.