Монгол Улс, Европын Холбоо хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хорооны хуралдаан болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-04-09 14:57:14

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улс, Европын Холбоо (ЕХ)-ны Хамтарсан комиссын дэргэдэх Худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хорооны хуралдаан энэ сарын 8-нд цахимаар болов. 

 

Хуралдаанаар талууд эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, худалдааны бодлого, хөрөнгө оруулалтын орчин, эрчим хүч, чухал түүхий эд, материалын талаар харилцан мэдээлэл солилцов. Хуралдааны үеэр ЕХ-ноос хөрөнгө оруулалттай холбоотой шинэ санаачилга болох Тогтвортой хөрөнгө оруулалтыг дэмжих хэлэлцээрийн талаар танилцуулж, Дэлхийд гарах гарц стратегийн явцын талаар мэдээлэл өгөв. 

 

Монголын талаас хөрөнгө оруулалтын орчин, гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах арга хэмжээний талаар мэдээлэл өгч, цаашид ЕХ-той хөдөө аж ахуй, эрчим хүч, чухал түүхий эд, материалын салбарт хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр тохирсон бөгөөд талууд Хөнгөлөлтийн ерөнхий схем (GSP+)-ийн ашиглалтыг нэмэгдүүлэх, Газарзүйн заалтын тухай хэлэлцээрийн явцыг урагшлуулахаар тохирлоо. 

 

Талууд Монгол-ЕХ хоорондын анхдугаар Бизнес форумыг энэ оны аравдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохирч, бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Дэд хорооны хуралдааныг монголын талаас ГХЯ-ны Олон улсын худалдаа, эдийн засгийн газрын захирал Г.Өлзийсайхан, ЕХ-ны талаас Европын Комиссын Худалдааны асуудал хариуцсан Ерөнхий газрын Дорно дахины бүс нутгийг хариуцсан албаны дэд дарга Марко Чирулло нар даргаллаа гэж ГХЯ-наас мэдээллээ. 

 

相关新闻