Испанийн “Рамасса” клуб Монголд нөхөрсөг тоглолт хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Испанийн гуравдугаар лигийн “Рамасса” клубын тамирчид энэ сарын 12-нд манай улсад ирэх гэж байна.
Хөлбөмбөгийг нийтэд
түгээх зорилгынхоо хүрээнд Монголыг зорин ирж буй тус багийнхан энэ сарын 13-ны ням гарагт Монголын
хөлбөмбөгчидтэй нөхөрсөг тоглолт хийх ажээ. Тус клуб 50 жилийн түүхтэй бөгөөд спорт болон нийгмийн салбарт онцгой
төслүүд хэрэгжүүлдгээрээ онцлогтой.
Тэд олон улсад “Common Goal” санаачилга болон НҮБ-ын “Football
for the Goals” төслийн хүрээнд нийгмийн сайн сайхны төлөө олон ажлыг санаачлан
хийснээрээ алдартай.
Тус байгууллагын
хэрэгжүүлдэг төсөл нь хүйсийн тэгш байдал, боловсрол, суурь үйлчилгээний
хүртээмж, энх тайван, нийгмийн тэгш бус байдлыг бууруулахад чиглэдэг бөгөөд
эдгээр төсөл нь нийгмийн эмзэг бүлгийн хүмүүсийг нэгтгэн, тэдний нийгэмд эзлэх
байр сууриа олох үйл явцыг дэмжих чухал хэрэгсэл болдог байна. Тэдний
хэрэгжүүлж, зорьдог төслүүд зөвхөн Испани гэлтгүй Олон улсын хэмжээнд хэрэгжиж,
2014 оноос Африк тивд хүмүүнлэгийн төсөл илгээж эхэлснээр Этиоп, Бенин, Уганда,
Камерун, Мадагаскар, Кот-д’Ивуар, Гамби зэрэг оронд үйл ажиллагаагаа
хүргэжээ.
Тухайн улсын шилдэг хөлбөмбөгийн багуудтай нөхөрсөг тоглолт зохион
байгуулж, орон нутгийн төрийн бус
байгууллагуудтай хамтран ажиллаж, өөрсдийн үнэт зүйлстэй нийцсэн төсөл,
хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн, сургалт болон үйл ажиллагаа явуулдаг нь тэдний
хөлбөмбөгт оруулж буй сайн хөтөлбөрт тооцогддог аж.