Жирэмсэн эхчүүдийг хяналтандаа хамрагдаж байхыг зөвлөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВХүн амын өсөлт хөгжлийн гол түлхүүр нь эх нярайн эрүүл мэндийн асуудал гэдгийг албаныхан тайлбарлаж байна. Учир нь сүүлийн жилүүдэд улс орон даяар эх нярайн эрүүл мэндийн асуудлууд анхаарал татах хэмжээнд хүрээд байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.
Эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрж эх орны хойчийг бэлтгэдэг болохоор тэд охид бүсгүйчүүд ээжүүддээ хандан жирэмсний эрт хяналтанд орохыг зөвлөсөөр байгаа билээ. Энэ оны эхний 10-р сарын байдлаар 776 эх эсэн мэнд амаржсан бөгөөд өдөрт дунджаар 4-5 эх төрдөг байна.
Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт нярайн эндэгдэл 6, амьгүй төрөлт 6, гэрийн нөхцөлд төрөлт 5 тус бүр бүртгэгджээ. Мөн жирэмсэн эхчүүдийн дунд бэлгийн замын халдварт өвчний тохиолдлууд нэмэгдэх хандалагатай байгаа ба дийлэнхдээ жирэмсний хяналтандаа огт ороогүй болон хожуу орсон эхчүүдэд илүү тохиолдож байгаа тул хяналтандаа аль болох эрт орохыг Төв аймгийн нэгдсэн эмнэлийн эмэгтэйчүүдийн эмч, төрөх тасгийн эрхлэгч Д.Өлзийбаяр зөвлөлөө.
Ээж та жирэмсний хяналтандаа эрт орсноор жирэмсэн болон төрөх үеийн ноцтой хүндрэлээс сэргийлэх онцгой ач холбогдолтой юм. Хяналтынхаа явцад жирэмсэн эх 6-8 удаа үзүүлж шаардлагатай тохиодолд эмнэлэт хэвтэн эмчлүүлэх ёстой юм байна.
Т.Есүхэйтөмөр