ДАРХАН-УУЛ: Оюуны спортын наадам хоёр өдөр үргэлжилнэ

ФОТО МЭДЭЭ
174@montsame.mn
2025-04-09 18:46:34

Дархан, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Дэлхийд эх орныхоо нэрийг оюуны спортоор цуурайтуулж буй аваргууд, өсвөр, дунд үе, насанд хүрэгчид Дархан хотод чуулж, хурд хүчний гайхамшгийг үзүүлж байна.




Тэмцээний эхний төрлүүд болох спорт өрөлтийн болон рубик шооны 12 дахь удаагийн улсын аварга К мастерын 4 дэх удаагийн УАШТ "Дархан юнайтед арена"-д өнөөдөр нээлтээ хийлээ.


Чансаа өндөр 700 орчим тамирчин хоёр өдрийн турш хурд, хүч, оюуны чансаагаараа өрсөлдөх уг наадмыг орон нутагт анх удаа зохион байгуулж байна.




Монголын оюун ухааны академийн Дархан дахь салбарын 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй тэмцээнд тамирчдаас гадна эцэг, эх, асран хамгаалагчид, багш, дасгалжуулагчид, зохион байгуулагчид, арын албаныхан гээд 1000 гаруй зочин найрамдлын хотод оюуны болон эдийн засгийн томоохон хөрөнгө оруулалт хийж байна.




Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ тамирчид авахын тулд сар бүр орон даяар чансаа тогтоох шалгаруулалтад ордог бөгөөд чансаагаараа салбартаа тэргүүлсэн арван тамирчин оролцдог байна.

 

Оюуны спортоор хичээллэж буй иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж өрсөлдөөн ширүүссэн. Мөн Дархан салбарын арван жилийн ой, оюуны спортыг хөгжүүлж буй багш, дасгалжуулагчдынхаа үйл ажиллагааг дэмжиж анх удаа орон нутагт зохион байгуулж байгаа нь шинэлэг ажил болж байна гэж Монголын оюун ухааны академийн үүсгэн байгуулагч, Гиннесийн рекорд эзэмшигч Х.Хатанбаатар онцоллоо.




Тэмцээн хоёр өдрийн турш үргэлжлэх бөгөөд төрөл тус бүрийн шилдгүүд тодорхой цаг, заасан хугацаанд өрсөлдөж аваргуудаа тодруулна.




Ташрамд, Монголын оюун ухааны академийн Дархан салбарын тамирчин Э.Үүрийнцолмон 2022 оны бага насны улсын болон дэлхийн аварга, 2023 оны хамгийн залуу өсвөрийн дэлхийн аварга, 2024 оны өсвөр, насанд хүрэгчдийн улсын болон дэлхийн аварга, олимпын хамгийн залуу аварга, олимпын рекордын хамгийн залуу эзэмшигч, дэлхийн зургаан рекорд эзэмшигч, гиннесийн рекорд эзэмшигч, 2023, 2024 оны Монгол Улсын “Онцлох хүүхэд” юм.