Оросын алдарт дуучин Алсу Монголд 23 жилийн дараа тоглолтоо хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. ОХУ-ын алдарт дуучин Алсу Монголд бүрэн хэмжээний тоглолтоо зохион байгуулах гэж байна.
“Аса арена”-д тавдугаар сарын 17-нд болох энэхүү тоглолтод тэрбээр амьд хөгжмийн хамтлагтайгаа ирэхээс гадна Монгол Улсын симфони оркестртой хамтран уран бүтээлээ хүргэх аж. “Өвлийн дуу”, “Заримдаа” зэрэг хит дуугаараа монголчуудад танил болсон түүний хувьд манай улсад хоёр дахь удаагаа тоглолтоо хийхээр ирэх гэж байгаа нь энэ юм. Тэрбээр өмнө нь 2002 оны наймдугаар сард Монголд анх тоглолт хийж байсан билээ. Тэгвэл үүнээс хойш 23 жилийн дараа Монголд дахин ирэхдээ дан эмэгтэйчүүдээс бүрдсэн өөрийн амьд хөгжмийн хамтлаг болон оркестртой тоглох аж.
Алсу буюу Улаахан ус нэртэй тэрбээр Оросын тэрбумтан, нефть олборлогч “Лукойл” компанийн дэд ерөнхийлөгч асан Р.Сафины охин билээ. ОХУ-ын Татарстаны Бугульма тосгонд төрсөн түүнийг ОХУ-ын гавьяат жүжигчин, Татарстаны ардын жүжигчин, Башкортостаны ардын жүжигчин цолоор шагнасан байдаг. Түүний хувьд 2006 онд бизнесмен Ян Абрамовтай гэрлэж, гурван хүүхэдтэй болсон байна.
Алсу анх 1999 онд “Алсу” нэртэй цомгоо гаргаж, “Зимний сон” (Өвлийн зүүд) дуугаараа
алдартай болсон. Харин 2000
онд “Евровидение” дууны тэмцээнд Оросыг төлөөлж, “Соло” дуугаараа хоёрдугаар байр эзэлж байв. Тэгвэл хамгийн сүүлд 2023 онд “Скучаю вопреки” нэртэй шинэ синглээ
гаргажээ.
Түүний тоглолтын тасалбар
portal.mn сайтаар
99900-499900 төгрөгөөр худалдаанд гарчээ.