Төслийн менежментийн баг хамт олон, удирдлагыг чадавхжуулахад хамтарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ болон “Пи Эм Ай Монголиа Чаптэр” ТББ мэргэшсэн төслийн менежментийн баг хамт олон, удирдлагыг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Уг санамж бичгийг байгуулснаар төслийн багийн гишүүдийг сургалт, мастер анги, семинараар дамжуулан төслийн удирдлагын чиглэлээр мэргэшүүлэх, төслийн удирдагч, мэргэжилтнүүдийг туршлагажуулах, олон улсын сайн туршлагыг судалж, өөрийн улсын нөхцөл байдалд тохирсон сайжруулалтын санал боловсруулах, тухайн саналд үндэслэн жишиг төслийн удирдлагын нэгж байгуулах зэрэг чухал ач холбогдолтой юм.
Энэ үеэр “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын дарга У.Баатар ярихдаа "Хамтын ажиллагааны санамж бичиг нь нийслэл хотын хэмжээнд хэрэгжүүлж буй төслүүдийг амжилттай явуулахад чухал нөлөө үзүүлнэ" гэдгийг онцлов.
Ташрамд дурдахад, “Пи Эм Ай Монголиа Чаптэр” ТББ
нь АНУ-д төвтэй олон улсын төслийн удирдлагын институт байгууллагын
Монгол дахь салбар бөгөөд 2014 оноос төслийн удирдлагын шилдэг туршлага,
аргачлал, мэргэшлийг Монголдоо нутагшуулан түгээхээр үйл ажиллагаа явуулж
байгаа ашгийн бус байгууллага юм.