ОРХОН: Эрүүл мэндийн салбарыг сурталчлах "Нээлттэй хаалганы өдөрлөг "зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны дөрөвдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газраас санаачилан орон нутагт үйл ажиллагаа явуулж буй салбар байгууллагуудыг хамруулан энэ сарын 12-.нд өдөрлөг зохион байгууллаа.
Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг 25 эрүүл мэндийн байгууллага өөрсдийн шинэ дэвшилтэт болон брэнд тусламж үйлчилгээг иргэд олон нийтэд сурталчлан таниулсан бөгөөд нийт 400 гаруй иргэн оролцож, эмч нар үзлэг оношилгоо хийлээ. Мөн "24/3 Шүдээ зөв угаа -2025" аяны нээлтийн ажиллагаа болж, иргэдийн дунд шүдээ зөв угаах дадал мэдлэг олгох АХА тэмцээн явуулж, "Шигтгэмэл" шүдний эмнэлгийн гарын бэлгээр урамшуулсан юм.
Өдөрлөгийн үеэр Эрүүл мэндийн байгууллагуудын танилцуулга, эмийн хямдралтай худалдаа, эмийн зохистой хэрэглээний талаарх мэргэжлийн эмч нарын зөвлөгөө, яаралтай тусламжийн үйлчилгээ, зөв хооллолт, амталгаа, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт сурталчилгаа болон эмнэлгүүдийн нэрэмжит уралдаан тэмцээн зэрэг үйл ажиллагааг зохион байгууллаа.
Өдөрлөгт Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Эрдэнэт сувиллын цогцолбор, Орхон аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Эрдэнэт медикал, Энхжих мандариваа, Мөнхийн гэгээ, Нийцэл, Мөнхсүндрэл, Үйлстбадрах, Анхны оч ӨЭМТ-үүд, Шүдний мэргэжилтнүүдийн холбоо, Сэтгэцийн клиник, Чандмань эрдэнэ холбоо зэрэг төр болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцлоо.