Д.Жавзандоржийг “Хөвсгөлийн хүндэт тэмдэг”-ээр шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-10-31 20:34:01

Өмнөд Энэтхэгийн Гоман дацанд Лхаарамба цол хамгаалж байгаа  Сүхбаатар аймгийн уугуул Д.Жавзандорж ламтан Хөвсгөл аймгийн Мөрөнгийн хүрээ Гандандаржайлан хийдийн урилгаар хоймор нутагт хүрэлцэн ирж ном айлдлаа.

Ард иргэдэд амьдралын зөв дадал хэвшил, ойлголт ухагдахууныг суулгах нь аз жаргалтай амьдрахаас гадна, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чухал үр нөлөө үзүүлэх тул тус үйл хэрэгт оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн Д.Жавзандорж ламтанг Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар гардуулж цаашид Хөвсгөл аймагт хүн ардыг соён гэгээрүүлэх чиглэлээр их зүйл хийхийг ерөөн түүний бурхан номын үйлсэд амжилт хүслээ. Тэрээр 1998 оноос өмнөд Энэтхэгт суралцаж буй бөгөөд жил бүр 1 сарын хугацаатай эх орондоо ирж түмэн олонд өөрийн сургааль номлолоос хүргэдэг  аж.

Энэ удаа Хөвсгөлчүүдэд Насны авшиг буюу Цэ ван хүртээж, лам хуврагууд болон багш нар, ахлах ангийн сурагчдад бурхны шашин хийгээд уламжлалт ёс заншлын талаар болон аз жаргалтай, амьдралын зөв зам мөрөөр хэрхэн амьдрах талаар харилцан ярилцаж лекц уншжээ. Түүнийг Хөвсгөл аймагт морилох санаачлагыг Мөрөнгийн хүрээ Гандандаржайлан хийд болон Хөвсгөл хөгжил сан, Аймгийн ИТХ, ЗДТГ, ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хамтран зохион байгуулжээ.

Б.Гантуяа 

相关新闻