ДУНДГОВЬ: 2025 онд гол нэрийн бүтээгдэхүүний дотоодын хангамжийг 3 хувиар нэмэгдүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг
хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Дундговь аймаг “Хүнсний аюулгүй байдлыг
сайжруулах” зорилт дэвшүүлж, гол нэрийн бүтээгдэхүүний дотоодын хангамжийг 3
хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөлөө.
Энэхүү зорилтын хүрээнд “Хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх”
хөтөлбөр хэрэгжүүлэх, гол нэрийн бүтээгдэхүүний улирлын хамаарлыг бууруулах, хүнсний
болон хоол үйлдвэрлэлийн салбарын ажилчдад үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн
зохистой дадлын сургалт зохион байгуулах, хөдөө аж ахуйн гаралтай бүнсний
түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэгчид, үйлдвэрлэгчдийг хөнгөлөлттэй
зээлд хамруулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.
Аймгийн ХХААГ-ын мэдээлснээр 2024 онд тус аймаг 316.9 тн
гурилан бүтээгдэхүүн, 0.4 тн сүү, сүүн бүтээгдэхүүн, 189 тн өндөг, 20 тн бууз,
банш, 225 тн төмс, 218.7 тн хүнсний ногоо үйлдвэрлэжээ.
Ингэснээр гурилан бүтээгдэхүүний хэрэгцээний 13.9 хувь,
сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээний 0.14 хувь, өндөгний хэрэгцээний 60 хувь,
бууз, баншны хэрэгцээний 1.1 хувь, төмсний хэрэгцээний 13.4 хувь, хүнсний
ногооны хэрэгцээний 6 хувийг дотооддоо үйлдвэрлэсэн байна.
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр 13 аж ахуйн
нэгж байгууллагад 1,8 тэрбум төгрөгийн зээлийг 9 чиглэлээр олгосоноос 6 төслийг
хүнсний үйлдвэрлэлийг дэмжих зориулалтаар олгожээ.
Хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр төлөвлөгөөт
болон төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийж, хүнсний
худалдааны 253, хоол үйлдвэрлэлийн 103 аж ахуйн нэгж, хүнсний үйлдвэр эрхлэгч
16, мал үржлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 9 иргэнийг хамруулсан байна.
Хяналт шалгалтаар 913 дутагдал илрүүлэн 62.0 хувийг газар
дээр нь арилгуулж, улсын байцаагчийн 49 албан шаардлага, 22 зөвлөмж өгч, 65 удаагийн
дүгнэлт гаргасан ба Зөрчлийн тухай
хуулийн дагуу 1,600,000 төгрөгийн торгууль тавин барагдуулжээ.
Гүйцэтгэлийн хяналт шалгалтын үр дүнд “дунд” эрсдэлтэй
үнэлэгдсэн 36 аж ахуйн нэгжийн эрсдэл “бага”
руу шилжиж, эрсдэл үүсэх магадлал буурч, 20.3 хувьтай болсон байна.