ХӨВСГӨЛ: Сувилагч мэргэжлээр суралцагчийн төлбөрийг 50 хувиар хөнгөлнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
gantuyaB@montsame.mn
2025-04-16 13:02:39

Мөрөн, 2025 оны  дөрөвдүгээр  сарын 16 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт 159 төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад 1709 эмч, мэргэжилтэн ажиллаж байна.


Стандартаар эмч, сувилагчийн харьцаа 1:2 байдаг боловч Хөвсгөл аймагт 1:1,7 буюу стандартдаа хүрдэггүй улмаар 10000 хүн амд ноогдох их эмч, сувилагчийн дундаж улсын хэмжээнд 42,8 байгаа бол тус аймагт 35.7 буюу 7.1 пунктээр бага байна.


Тус аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газар, Эм зүйн шинжлэх ухааны их сургуультай хамтран сургалтын бааз болох аймгийн Нэгдсэн эмнэлэг, Политехникийн коллежийг түшиглэн орон нутагт “Сувилагч” бэлтгэх хамтран ажиллах гэрээ байгуулсан юм.


Гэрээний хүрээнд жилд 40 хүнийг сувилагч мэргэжлээр бэлтгэхээр төлөвлөж байгаа бөгөөд эхний ээлжид 8 сумаас 14 хүн суралцахаар батламжаа гардан авлаа.



Суралцагчийн төлбөрийг орон нутгаас 50 хувиар хөнгөлж байна.


Бага эмч, эх баригч мэргэжлээр төгссөн мэргэжилтнүүд богино хугацаагаар сувилагч мэргэжил эзэмших, элсэлтийн шалгалтад тэнцэж, тухайн сургуулийн шалгуурыг хангасан оюутнууд сувилагч мэргэжлээр дэд бакалавр болон бакалаврын боловсрол эзэмшиж, орон нутагтаа шууд ажлын байраар хангагдах боломж бүрдэж буйгаараа онцлог юм.

 

 

相关新闻