СҮХБААТАР: Аян замын хүн бүр араг үүрсэн ээжийн хөшөөнд саатдаг болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Баруун-Урт-Улаанбаатар чиглэлийн авто зам дагуу буюу аймгийн төвөөс 80
орчим километрт байрлах энэхүү хөшөө нь аян замд явж буй хүн бүрийн саатдаг газар болжээ. Араг
үүрч, алсыг харуулдан хүүгээ хүлээж зогсох хөшөөг ээжийнхээ гэгээн дурсгалд зориулж
нутгийн ах дүүс бүтээжээ.
Хөшөөнд мөнхөрсөн ээжийг Б.Лхамсүрэн гэдэг. Уулбаян сумын
харъяат. Долоон хүүхэд төрүүлсэн бөгөөд тэрбээр 97 насандаа өөд болжээ. Түүний хүү Ч.Доржхуяг зохион бүтээгч бол удаах хүү Ч.Эрдэнэбилэг нь
уран барималч. Өөрөөр хэлбэл анхынхаа гаргасан санааг дүүг нь гүйцэлдүүлж уг хөшөө бүтсэн түүхтэй.
"Миний
ээж бараг 100 насны босгонд очиж урт насалсан сайхан буурал байлаа. Нас сүүдэр 97 хүрээд бурхан болсон. Ижий минь ухаан сийрэг, их сэргэлэн хүн байсан. Ижийгээ хөшөөнд мөнхлөхсөн гэсэн бодол сэтгэл дотор байгаад байлаа. Тэгээд “Миний дүү ийм хөшөө бүтээгээч, чи уран барималч юм чинь” гэж төрсөн дүүдээ анх санал болгосон хүн нь би. Тэгээд хөшөөг урласан дүү Эрдэнэбилэг маань Уулбаян сумаас Улаанбаатар, мөн Сүхбаатар аймаг руу зам салдаг уулзварт байрлалыг нь сонгосон. Суурийг нь би цутгаад, дүү маань хөшөөг бүтээж авчраад залсан. Анх хараад хүнийг яаж ингэж адилхан бүтээдэг байна аа гэж бодсон. Хөшөөний утга санаа, дүр төрх тэр чигээрээ яг л миний ижий байгаа. Саравчлаад зогсож байгаа нь ээжийн
минь л төрх юм даа. Харин одоо
нутгийн болоод аян замд яваа хүн бүрийн хайрлаж, хүндэлдэг хөшөө болсонд их баярладаг. Ижийгээ санаж, үгүйлэх олон үр хүүхдийн дурсамжийг сануулж, баяр
баясал бэлэглэдэг, хүн бүрийг угтаж бас үддэг олон түмний хөшөө болжээ" хэмээн хүү Ч.Доржхуяг ярилаа.
Ингэж олны хайрыг татсан энэхүү хөшөөний жижиг хувилбарыг мөн бүтээж, өдгөө бэлэг дурсгалын зориулалтаар ч
ашигладаг болжээ.