Ши Жиньпин: Татварыг урвуулан ашиглахын эсрэг Азийн түншүүдтэйгээ хамтарна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-04-17 10:08:01

КУАЛА-ЛУМПУР, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /NHK/. Зүүн Өмнөд Азийн орнуудад айлчилж буй БНХАУ-ын дарга Ши Жиньпин тарифыг урвуулан ашиглахаас сэргийлэхийн тулд Азийн түншүүдтэйгээ хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгджээ


Ши Жиньпин лхагва гарагт Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахимтай уулзах үеэрээ ийнхүү хэлсэн байна. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын татварын бодлогын эсрэг Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны /АСЕАН/ гишүүн орнууд эв нэгдэлтэй байхыг уриалжээ.


Хятадын төрийн мэдлийн хэвлэлүүдэд мэдээлснээр, Хятад улс АСЕАН-ыг даргалж буйнх нь хувиар Малайзыг дэмжиж байгааг Ши Жиньпин илэрхийлжээ. Тэрбээр гаалийн татварыг урвуулан ашиглахыг зогсоох, дэлхий дахинд нүүрлээд буй тодорхойгүй байдалд хариу арга хэмжээ авахын тулд Зүүн Өмнөд Азийн орнуудтай хамт тууштай зогсоно гэдгээ мэдэгдсэн байна. 


Д.Трампын засаг захиргаа Хятадын бараанд ногдуулж буй татварыг 145 хувьд хүргэж нэмэгдүүлсэн юм. Д.Трамп бусад улс орнуудад харилцан татвар ногдуулахаа түр хойшлуулсан боловч Зүүн Өмнөд Азийн орнуудад өндөр татвар ногдуулна гэжээ. Тус бүс нутгийн экспортлогчид үүнд санаа зовниж байгаагаа илэрхийлсээр байна. 


Хятадын АСЕАН-тай хийдэг худалдааны хэмжээ нь АНУ-тай хийдэг худалдаанаас илүү их юм. Иймд тус улс бүс нутагтаа нөлөөгөө нэмэгдүүлж, Трампын татвараас үүдэлтэй нөлөөллийг бууруулахын тулд АСЕАН-ы гишүүн орнуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа бололтой.


Ши Жиньпин Вьетнамд хийсэн айлчлалаа дуусгаад лхагва гарагт Малайзад хүрэлцэн иржээ. Тэрбээр пүрэв гаргаас эхлэн Камбожид хоёр өдөр айлчлал хийхээр төлөвлөсөн байна.

相关新闻