АНУ, Украин, Европын төлөөлөгчид Парист уулзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПАРИС, 2025 оны дөрөвдүгээр сарын 18 /CNN/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стив Уиткофф нар пүрэв гарагт Парис хотноо болсон Оросын түрэмгийллийн эсрэг Украины хамгаалалтыг бэхжүүлэх зорилготой дээд түвшний уулзалтын үеэр Украин, Европын албаны хүмүүстэй хэлэлцээ хийжээ.
Украин, АНУ-ын албаны хүмүүс Их Британи, Франц, Германы төлөөлөгчидтэй “маш нухацтай хэлэлцээ” хийсэн гэж Елисейн ордны эх сурвалж мэдээлээд, Парисын уулзалт нь стратегийн боломжийг олголоо гэсэн байна.
Украин болон Европын гурван улсын төлөөлөгчид дайныг даруй зогсооход чиглэсэн Д.Трампын хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа онцлон тэмдэглэжээ. Ирэх долоо хоногт Лондонд мөн ижил түвшний уулзалтууд болно гэж эх сурвалж нэмж хэлсэн байна. Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Тэмми Брюс хэлэхдээ, М.Рубио тэдгээр хэлэлцээнд оролцох эсэх талаар тодорхой дурдсангүй.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон пүрэв гаргийн хэлэлцээг
“дипломат дайчилгааны өдөр”
хэмээн тодорхойлоод, өнөөдөр
бид гал зогсоох болон бүрэн, урт удаан энх тайвныг тогтоох талаар эерэг, бүтээлч яриа хэлэлцээ хийлээ хэмээн мэдэгджээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский олон нийтийн сүлжээндээ бичихдээ, Э.Макроны санаачилга болон хэлэлцээнд оролцогч орнуудын төлөөлөгчдөд талархал илэрхийлсэн байна. “Бид бие биенээ сонсож, байр сууриа тодорхой болгож, Украин болон нийт Европын аюулгүй байдлын төлөө ажиллах нь чухал” гэж тэрбээр онцлон дурджээ.
Д.Трамп пүрэв гарагт Зууван танхимд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, Орос, Украины хооронд гал зогсоох тухай АНУ-ын саналын тухайд Оросын талаас “энэ долоо хоногт хариу сонсоно" гэсэн байна. “Бид энэ долоо хоногт буюу тун удахгүй тэднээс хариу сонсож, түүнийг нягталж үзэх болно” гэж тэрбээр сэтгүүлчдэд хэллээ.