СҮХБААТАР: Арван тавны цагдааг албанаас нь үдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас ажлын гараагаа эхлүүлж байсан цагдаагийн ахлах ахлагч Төмөргомбын Баттүвшин 20 гаруй жилийнхээ хөдөлмөр зүтгэл, залуу нас, сэтгэл зүрхээ зориулан ажилласан цагдаагийн хүндэт албаа орхиж, гавьяаныхаа амралтад гарч байна.
Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын хамт олон алба хаагч Т.Баттүвшинг гэр бүл, найз нөхдийнх нь хамтаар ёслол төгөлдөр үдэж, ажил хөдөлмөрийг нь алдаршуулсан нь орон нутгийн цагдаагийн байгууллагадаа анхных байлаа. Өөрөөр хэлбэл гавъяаныхаа амралтад гарч буй нэгнээ ингэж хүндэтгэлтэйгээр үдэж байсан удаа үгүй юм.
Т.Баттүвшин цагдаагийн байгууллагад 22 жил ажиллах хугацаандаа сумдын цагдаагийн хэлтэст тогтмол ажиллаж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн түүний хөдөлмөрийг үнэлж, "Арван тавны цагдаа" гэх эрхэм хүндтэй шагналыг олгосон байдаг. Монгол Улсын зургаа дахь арван тавны цагдаа ийнхүү Сүхбаатар аймгаас тодорч байсан нь саяхан.
Тэрбээр хэлэхдээ, "Хүсэж мөрөөдсөн мэргэжлээрээ ажилласан бүхий л цаг хугацаа минь ямар үнэ цэнтэй байсныг илүү ихээр ойлгуулсан өдөр байна. Надаас өмнө ингэж хүндтэйгээр үдүүлж, хамт олноороо ач холбогдол өгч хүлээн авч байсныг санахгүй байна. Хамт олондоо, Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын удирдлагууддаа баярлалаа. Албаараа бахархах, омогших сэтгэгдэл надаас илүү ард минь ажиллаж үлдэх залууст минь төрсөн байх. Хүн бүрийн хайр хүндлэлийг хүлээдэг албаныхаа нэрийг өндрөөс өндөрт өргөж явахын тулд хүн хүнээрээ л байх хэрэгтэй. Ард иргэдтэйгээ ойр байж, тэдний итгэлийг дааж чадвал бусад нь аяндаа бүтдэг юм шүү гэдгийг алба хаагчдадаа, залуусдаа мөн аавынхаа албыг үргэлжүүлж яваа хүүдээ захимаар байна" хэмээв.
Албандаа нэр төртэй ажиллаж, хамт олондоо, нутаг усныхандаа хүндлэгдсэн ийм нэгэн алба хаагчаа цагдаагийн байгууллага албанасаа хүндэтгэлтэйгээр үдлээ.